С.Занданбал: Үндэсний нэмүү өртөгийн сүлжээг дэмжиж ажиллана

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” (ЗЗБУХ) төсөлд хамрагдсан сумдын төслийн ажилтан нарт зориулсан “Бэлчээр ашиглагч малчдын бүлэг” (БАМБ) байгуулах, хөгжүүлэх, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх сургалт эхэллээ. Тав хоног үргэлжлэх тус сургалтад Архангай, Өвөрхангай, Дунговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн төсөл хэрэгжих сумдын төслийн ажилтнууд оролцож байна. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан буюу IFAD төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд зорилтот сумдад малчдын бүлгүүдийг байгуулж, бэхжүүлэх, хоршоо болгон хөгжүүлэх, бэлчээр ашиглалтыг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-уудын түншлэл хамтран ажиллахаар болсон билээ.

Сургалтын эхэнд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн зохицуулагч С.Занданбал товч танилцуулга хийж, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” (ЗЗБУХ) төслийн бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Т.Цэдэндамбаа “Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь бүрэлдэхүүн хэсгийн танилцуулга” хийсэн. ХААСМХОТ төвийн тэргүүн доктор Б.Биньеэ “Уур амьсгалын өөрчлөлтөд мал аж ахуйн үйлдвэрлэлийн дасан зохицуулах шаардлага” сэдвээр илтгэл тавьсан. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтээр хамаарсан асуудал хэдий ч хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг манай улсын хувьд түүнд дасан зохицсон үйл ажиллагааг явуулах нь нэн чухал шаардлага” гэдгийг онцолсон юм. МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “БАМБ-ын бүтэц зохион байгуулалт, бэлчээрийн менежмент дэх оролцоо” сэдвээр, МБАНХ-ны зөвлөх Л.Ганцогт “БАМБ-ын улирлын бэлчээрийн хэмжээ байршлыг тогтоох” бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх”  сэдвээр илтгэл тавьсан.

МБАНХ-ны ажилтан С.Сүмжидмаа “БАМБ-ын бэлчээрийн төлөв байдлыг фотомониторингийн аргаар тогтоох, үр дүнг бэлчээрийн менежментэд ашиглах” сэдвээр, ХААИС-ын багш, доктор Н.Тогтохбаяр “Малын чанарыг сайжруулах, бэлчээрийн даацыг тохируулахад малчдын бүлгийн үүрэг” сэдвээр, МБАНХ-ны зөвлөх Б.Мэнджаргал “БАМБ-ийн дундын мөнгөн сан бүрдүүлэх, сангийн үйл ажиллагаа” сэдвээр, МБАНХ-ны Хоршооны зөвлөх  М.Баасанхүү “БАМБ-д суурилсан “Малын түүхий эд бэлтгэн нийлүүлэх малчдын хоршоо болон Хадгаламж зээлийн хоршоог  байгуулах үйл ажиллагааг уялдуулах” сэдвээр, МБАНХ-ны зөвлөх Э.Ганбат “БАМБ-ын урт ба богино хугацааны төлөвлөлт, түүний хэрэгжилт, хүлээж буй үр өгөөж” сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Сургалтын үеэр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн зохицуулагч С.Занданбалтай ярилцлаа.

-Төслийн талаар товч танилцуулвал?

-“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл маань 2012 оноос эхний үе шат нь хэрэгжиж эхэлсэн. Гол санхүүжүүлэгч байгууллага нь НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан юм. Төслийн эхний үе шатны санхүүжилт нь 11 сая ам.доллар байсан бол 2 дахь үе шатны нэмэлт санхүүжилтийн хэмжээ 11.4  сая ам доллараар хэрэгжинэ. 2 дахь үе шат нь 2017 оноос хэрэгжиж эхлэх байсан ч тодорхой шалтгаанаас хойшилж, 2018  оны 6 сараас эхэлсэн. 6 сараас эхлэн төсөл хэрэгжиж байгаа Өвөрхангай, Архангай, Дундговь, Сүхбаатар Хэнтий, Дорнод зургаан аймгийн тус бүр 3 сум, аймгийн төвүүд ороод нийт 24  суманд үйл ажиллагаа эхлээд байна.

Манай төсөл үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэгд, бэлчээрийн менежмент уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хоёрт, зах зээлийн  хөгжил, гуравт, бренд бүтээгдэхүүн хөгжүүлэх, зах зээлийн орчинг сайжруулах гэсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байна. Өнгөрсөн оны 6 сараас хойш төслийн нэгжүүд маань бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсон. Тодруулбал, 6 аймгийн 24 суманд ажиллах 42 ажилтан маань томилогдож ажилдаа орсон. Бүрэлдэхүүн тус бүр дээр ажиллах ТББ-ууд маань сонгон шалгаруулалтдаа тэнцээд байна. 2019 онд ажил жигдрээд, бид бүх хүч чадлаараа бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахад бэлэн болоод байна.

-Төслийг орон нутагт хэрэгжүүлэгч ажилтнуудын талаар тодруулвал?

-Зорилтот 24 суманд ажиллах манай төслийн ажлын хэсгүүд аймаг орон нутгийн захиргаан дээр байгуулагдпсан. Бид аймаг сумын ажилтнуудад зориулсан эхний сургалтыг өнгөрсөн оны 10 сард хийсэн. Энэ үеэр аймаг сумын орон нутгийн ажилтнууддаа ерөнхий төслийнхөө талаар танилцуулга хийж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Харин хоёр дахь сургалтаа энэ удаад хийж байна. Энэ удаагийн сургалтаар  сонгон шалгаруулалтаар бидэнтэй хамтран ажиллах ТББ-ууд маань оролцож, илүү нарийвчилсан чиглэсэн мэдээлэл өгч байна. Тухайлбал, бэлчээрийн менежмент уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд МБАНХ болон ХААХОТТ түншлэл хамтран ажиллахаар шалгарсан.

Энэ түншлэлийн хамт олон сургалтанд оролцож, төслийн 3 жилийн хугацаанд  хэрэгжүүлэх гол гол ажлуудаа танилцуулж байна. Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг яаж боловсруулах вэ, бүлгийг яаж байгуулах вэ, малчдыг бүлгийн зохион байгуулалтад оруулснаар сум орон нутаг, бэлчээрээ хэрхэн хамгалах вэ гэдэг чиглэлээр нарийвчилсан сургалтууд явуулж байна. Хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэг болох “Зах  зээл хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг”-т Монголын үйлдвэрлэл, хоршоологчдын нэгдсэн холбоо ТББ шалгарсан. Энэ холбоо маань эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг зохион байгуулах талаар мэдээлэл өгч байна. Улмаар энэ бүлгүүдээ банкны зээл олгоход туслаж, өөрсдийн бизнесийн чиглэлээр хэрхэн сургалтад хамрагдаж үр дүнтэй ажиллах вэ гэх мэт сэдвүүдээр  мэдээлэл өгч байгаа. Манай зах зээл хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг дээр аймаг суманд ажиллаж байгаа ажилтнууддаа сургалт өгөх зорилготой. Мөн манай төслийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт буюу худалдан авах ажиллагаатай холбоотой “А3” сертификат авахуулахын тулд энэ чиглэлийн сургалтыг хийхээр төлөвлөсөн. Сургалт семинарын төгсгөлийн өдөр нийт аймаг орон нутгийн нийт ажилтанууддаа өнгөрсөн хугацаанд ямар алдаа дутагдал гарав, юун дээр анхаармаар байна гэдгийг ярилцана. Тэр чиглэлээр нь зөвлөнө.

-Гурван жилийн дараа төсөл хэрэгжсэн эдгээр аймаг сумдад ямар үр дүн гарах вэ?

-Төсөл хэрэгжсэнээор энэ зургаан аймгийн бэлчээрийн менежмент сайжирч, бэлчээрийн доройтолын асуудал тодорхой хэмжээгээр төлөвлөгөөтэйгээр арилж, бүлгүүдийг зохион байгуулж ажилласнаар нилээн ахиц дэвшил гарна. Мөн энэ эмэгтэйчүүд, эамэгтэйчүүдийн бүлэг, малчдын бүлэг хоорондоо хамтарсан хоршоо хэлбэрээр нэгдэж ажиллана. Малчид сум орон нутагт байгаа бага орлоготой иргэд, эмэгтэйчүүдийг илүү орлогыг нэмэгдүүлсэн, чадавхижуулсан ийм үр дүнтэй ажлууд хийгдсэн байна. Мөн бид төслийн 6 аймгаар хязгаарлагдахгүйгээр Үндэсний хэмжээний нэмүү өртөгийн сүлжээг дэмжиж ажиллахаар  төлөвлөөд байгаа. Тодруулбал, хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ гэсэн гуван чиглэлээр нийт гурван нэмүү өртөгийн сүлжээний чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байна. Энэхүү гурван нэмүү өртөгийн сүлжээний чиглэлээр 21 аймаг орон нутгаас төсөл сонгон шалгаруулна. Эдгээр гурван  салбар дээр ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэр хоршоодыг дэмжсэн хөрөнгө оруулалт хийж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сав баглаа боодол зэрэгт нь анхаарч ажиллана.

Түүнчлэн зээл олгоно. Олгосон зээлэндээ батлан даалт гаргаж өгөхөөр төлөвлөөд байна.  Мөн энэ гурван сүлжээн дээрээ хууль эрх зүйн орчинг хэрхэн яаж сайжруулвал зохих талаар анхаарч “үндэсний нэмүү өртөгийн сүлжээний судалгааны ажил” хийж байгаа. Энэ судалгааны үр дүн гарахаар дээрх гурван нэмүү өртөгийн сүлжээний чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн. Тайлан гарахаар энэхүү нэмүү өртөгийн сүлжээний хаана нь ямар саад бэрхшээл байна вэ гэдэг нь тодорхой болно. Магадгүй стандарт болосруулах чиглэлээр хууль эрх зүйн орчин дутагдалтай ч байж болно. Ингэснээр гурван жилийн дараа төслийн гурван бүрэлдэхүүн хэсэг тус бүр дээр тодорхой амжилт, аахиц амжилт гарсан байна гэдэгт итгэлтэй байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-22 09:26:56