НАМЭМ төслийн багийн 2019 оны эхний уулзалт болов

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн /НАМЭМ/ 2019 оны анхны багийн уулзалт Скай Плаза төвд боллоо. Энэ удаагийн уулзалтаар НАМЭМ төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын Ноос ноолуурын холбоо, Дижитал Медик ХХК-ний төлөөллүүд оролцож, өнгөрөгч 2018 онд хийсэн ажлаа тайлагнаж, хамтын ажиллагааны ололт амжилтын талаар ярилцав. Уулзалтын эхэнд 2019 онд Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хүрээнд хийх ажлын талаар ярилцаж, загвар сумдын тоог 27 болгож, тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах, гарал үүсэл нь баталгаажсан, мөшгих тогтолцооны хүрээнд бэлтгэгдэж байгаа махыг хэрэглэгчдэд хэрхэн хүргэх талаар санал солилцсон юм.

Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Монгол Улсын зөвлөх инженер, МАШҮХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн С.Давааням нар НАМЭМ төсөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласнаар Арьс шир боловсруулах стандартыг батлуулсан нь энэ салбарын хувьд шинэчлэл болсон гэдгийг хэлж байлаа. Тус холбооноос өнгөрсөн оны хувьд Малчдын хоршоогоор дамжуулан түүхий эдийг шууд хүлээн авах, мах бэлтгэлийн үйлдвэрээс хутганы сорвигүй арьс хүлээн авч боловсруулах ажлыг илүүтэй хийсэн байна. Түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч анхан шатны нэгж болсон малчдад зориулсан сургалтыг зохион байгуулснаар мах бэлтгэлийн үеийн сорви багасаж байна. Харин одоо Мал эмнэлгийн шаардлагатай үйлчилгээнүүдийг хийж, тарилга угаалгыг цаг тухайд нь хийдэг болчихвол маш сайн чанарын арьс бэлтгэх бүрэн боломжтой. Ингэж чадвал арьс ширэн түүхий эдийн чанар сайжирч, дотооддоо төдийгүй олон улсад гаргах асуудал илүү өргөн цар хүрээнд яригдана гэлээ.

Монголын Ноос ноолуурын холбооны менежер Ц.Туяа “Швейцарийн хөгжлийн агентлагийн НАМЭМ төсөлтэй 2018 онд хамтран хэрэгжүүлсэн ажлын явцаг тайлагнаж байна. Бидний хамтын ажиллагаа 5 дугаар сард эхэлсэн энэ хугацаанд угаасан ноос ноолуур сарлагийн хөөврийн стандартыг боловсруулж, Оеоко-Тех 100 стандартыг батлуулсан. Олон улсын “Fashion Coterie”, “Fashion World Tokyo” үзэсгэлэн, “Сарлаг фестифаль”-д оролцлоо. Бүтээгдэхүүний талаарх мэдээллийн тогтолцоо буюу шинэ Ladger бии болгох, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгох зэргээр ажиллаж байна. Цаашид бидний хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлууд илүү үр дүнтэй, ололт амжилт дүүрэн байна” хэмээн онцолсон юм.

Дижитал Медик компанийн захирал М.Амарсайхан НАМЭМ төслийн хүрээнд хийгдэж байгаа цахим систем хөгжүүлэлтийн ажлын явцыг танилцуулсан билээ. 

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-07 18:50:00