Азийн хөгжлийн банкны төлөөллүүд МБАНХ-нд ажиллав

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр Азийн хөгжлийн банкны  Хөтөлбөр хариуцагч, Хот байгуулалтын мэргэжилтэн Стефан Милхауд, Хөдөө аж ахуйн зөвлөх Саймон Баклоути, Бүс нутгийн хөгжлийн зөвлөх Г. Туяа нар хүрэлцэн ирж, Барилга хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Аймаг сумын төв, бүс нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд шаардлагатай мэдээллээ авсан юм.

Уулзалтад Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Хоршооны хөгжлийн зөвлөх Н.Баасанхүү, Зөвлөх Л.Ганцогт, Сургалтын менежер Г.Намуулан, Судлаач С.Сүмжидмаа нар оролцлоо.

Энэхүү “Аймаг сумын төв, бүс нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл нь цэвэр ус, цахилгаан зэрэг дэд бүтцээс гадна эдийн засгийн дэд бүтэцийн асуудлыг давхар шийдвэрлэх зорилготой гэнэ. Тухайлбал, эдийн засгийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай агуулах, зоорь, тоног төхөөрөмж зэргийг бий болгох. Уг дэд бүтцийг хаана  төвлөрүүлэх вэ гэсэн нутаг орны асуудал яригддаг тул Барилга хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байгаа аж.

Аймаг сумдын хүн амын төвлөрөл ихтэй суурин газрын хөгжлийг сайжруулах явцдаа тэнд өндөр туршлагатай мэрэгжилтнүүдийг амьдрах нөхцлөөр нь хангах зорилготой юм байна. Ингэснээр хот  руу ирэх шилжилт хөдөлгөөнийг багасгах, нөгөө талаараа хөдөөгийн эдийн засгийг дэмжингээ газар дэлхий, байгаль орчинд учруулж буй таагүй нөлөөллийг багасгахад чиглэсэн ажлуудыг хийх аж.

Мөн ашиглаж чадахгүй  нөөцийг илүү сайн ашиглах, малчдын хувьд малыг  тоонд анхаарч өсгөх бус илүү чанартай, үр ашигтай байхад анхаарахад нь чиглүүлэх, малчдын орлогыг тогтмолжуулах асуудалд анхаарал хандуулах юм бол хот суурин  газар хөгжинө гэж үзэж буйгаа Азийн хөгжлийн банкны төлөөллүүд хэлж байлаа.

Тиймээс хотын түвшинд, аймгийн түвшинд, сумын түвшинд ямар ажил хийж болох талаар МБАНХ-ны саналыг авахаар ирсэн аж. МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг энэ үеэр “ Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь 18 аймагт “Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо” ТББ, 156 суманд Сумын бэлчээр ашигалагчдын холбоо” ТББ байгуулагдан 1600 гаруй Бэлчээр ашиглагчдын хэсэг бүлгийн үйл ажиллагааг төр засгийн бодлоготой уялдуулах, гадаад орчинтой холбох,  малчдын эрх ашгийг хамгаалсан иргэний нийгмийн байгууллага болж, нийгэм эдийн засгийн асуудлыг хамтын хүчээр хийж хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг толгой байгууллага болоод байна. Бид Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөл НАМЭМ төслийг 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Мөн бусад олон улсын төсөл хөтөлбөрийг хөдөө орон нутагт малчдын байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлж байна.

Бид малчдад мэдлэг мэдээлэл олгох сургалтыг хийхдээ Ноос ноолуурын  холбоо, Арьс ширний холбоотой хамтран ажилладаг. Төсөл хөтөлбөр тендерүүдэд хамтран оролцдог. Малчин хүнд малынхаа мах, сүү, арьс шир, ноос ноолуураас ашиг шимийг хүртэхэд нь тусалдаг. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн форумыг мэргэжлийн холбоодтойгоо хамтран хийж ирсэн.

Хамтран хийдэг сургалтаараа малчдын байгууллагын зорилго, бүтэц зохион байгуулалт, хоршоо болобн ХЗХ-ны талаар ярьж, Ноос ноолуурын холбооноос ноолуурын бэлтгэл үед юуг анхаарах асуудлыг нь ярьдаг. Арьс ширний холбооноос арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх талаар мэдлэг олгоно. Ингэснээр тухайн үйлдвэрүүдэд хэрэгцээтэй  байгаа стандартын шаардлага хангасан түүхий эдийг малчид орон нутагтаа хэрэхэн  бэлтгэх аргад суралцдаг. Энэ нь  малчдын хувьд түүхий эдээ нэмүү өртөг шингээх боломж.

Хоршоодод үржлийн аж ахуйнууд бий болж байгаа. Шилмэл мал буюу хээлтүүлэгчийн суурь бүрдүүлэх ажлыгДорнод аймгийн Цагаа-Овоо суманд туршиж байна. Тодруулбал, Монгол малын тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх замаар сайн чанарын үржлийн мал үржүүлэх ажлыг гурав дахь жилдээ хийж байна.  Маш сайн үр дүн гарч байгаа. Хээлтэгчийн цөм сүрэг бүрдүүлэх зайлшгүй  шаардлагатай байна. Тухайн бүс нутгийн онцлогийг харуулсан малыг өсгөхөд анхаарах юм. Тухайлбал, тэрхийн бор сарлаг байна. Баян-Өлгий, Ховд аймагт сүүлийн үед малын зүсийг чухалд тооцож цэнхэр үст сарлаг үржүүлж байна. Учир нь дэлхийн зах зээлд цайвар  ширхэгтийн хэрэгцээ өссөн байна.

Эрдэс тэжээл үйлдвэрлэж,  нунтаглаж, савлаж боодог технологи, ажлын байрыг бий болгоход санхүүүгийн дэмжлэг мэдээж хэрэгтэй. Орон нутгийн хоршоодод ийм хэрэгцээ эрэлтүүд их байгаа” хэмээн онцоллоо.

Азийн хөгжлийн банкны  Бүс нутгийн хөгжлийн зөвлөх Г. Туяа хэлэхдээ “Хөдөө орон нутагт сум дундын эрүүл мэндийн салбар, сум дунд хууль хүчний салбарууд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл эдийн засгийн бусад чиглэлүүд гээгдчихээд байна гэж Азийн хөгжлийн банкнаас үзсэн. Иймд сум дундын эдийн засгийн хөгжлийг дэмжин ажилласнаар суурьшлын бүстэйгээ холбогдох дэд бүтцийг бий болгож чадвал сургууль цэцэрлэг эмнэлгийн асуудал давхар шийдэгдэнэ.

Учир нь хот суурин газарт дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудлыг давхар яригддаг. Суурьшлийн бүсэд эдийн засгийн болон хот суурин  газрын үндсэн дэд бүтцийг яаж бий болгох вэ гэдгийгсудлаж үзээд хүн ам хамгийн ихээр төвлөрсөн, арилжаа  наймаа хийгдээд байгаа бол тэнд нь Сум дундын төвийг байгуулья гэж ярьж байна. Тиймээс томоохон суурин сумтай аймгуудад төсөл хэрэгжүүлэх боломжийг ярихаар ирсэн юм.

10 жил үргэлжлэх энэ төсөл нь 3 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд “Малчдын  бүлгүүд”-ийг загвар маягаар гаргаж ирэх юм. Бид эхний 1 үе шатанд нь сонгосон 4 аймагт төсөл хэрэгжүүлж жишиг болгоод дараагийн  шатанд нэг бүсийг нэмж, дараагийн шатандп дахин нэг бүс нэмэх зарчмаар ажиллана. Эхний төсөл хэрэгжсэн сумдууд нилээн тогтвортой үйл ажиллагаатай болсон байна гэж харж байгаа. Тиймээс энэ Сум дундын төв гэдэгт илүү анхаарч, хүн амыг татах чадвартай, дэд бүтцийн асуудлыг нь шийдээд явна. Азийн хөгжлийн банкны  Хөтөлбөр хариуцагч, Хот байгуулалтын мэргэжилтэн Стефан Милхаудын зөвлөснөөр шаардлагатай мэдээлэл авахын тулд танай холбоо болон Ноос ноолуурын холбоо, Арьс ширний холбоотой уулзаж мэдээлэл авна. Мэдээллээ нэгтгэн ирэх онд ажлын төлөвлөгөөгөө гарган, үндсэн чиглэлүүдээ гаргах болно” гэлээ.

НИЙТЭЛСЭН: 2018-12-06 12:27:29