Дундговь аймгийн "Бэлчээр ашиглах журам”-ын төслийг хэлэлцлээ

Монгол орны эдийн засгийн суурь болсон бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, зөв зохистой ашиглах нь бидний өнөөгийн амьдралд төдийгүй ирээдүй хойч үедээ өвлөн үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэх ажлын нэг билээ.

Энэхүү чухал асуудлыг ажил хэрэг болгохоор өнгөрөгч 11 дүгээр сарын 29-ны өдөр Дундговь аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, Хүнс хөдөө аж ахуйн газар, Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Элгэмсэг Дундговь төрийн бус байгууллага, 15 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Газрын даамлууд , Мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга нар, НАМЭМ төсөл хэрэгжиж байгаа таван сумын СБАХ-ны тэргүүн, БАХ-ын төлөөлөл хамтран “Дундговь аймгийн Бэлчээр ашиглах журмын төсөл”-ийг хэлэлцлээ. 

Аймгийн бэлчээр ашиглах журмын төслийг өмнө нь сумдад хүргэж, холбогдох албаныхан, малчдад танилцуулан санал авсан гэнэ. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь гуравдахь удаадаа зохион байгуулагдаж байгаа ба хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэж журмын төсөлд тусган аймгийн ЗДТГазрын Хууль зүйн хэлтсээр хянуулах ажээ.

Ингээд тус хэлэлцүүлэгийн үеэр Дундговь аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Ж.Шинэ-Уянга “Бэлчээр ашиглах журам”-ын төсөл танилцуулсныг хүргэж байна.

Тэрбээр хэлэхдээ “Дундговь аймгийн бэлчээрийн төлөв байдлын талаарх мэдээллийг эхэлж өгье. Дундговь аймаг нь 7,4 сая га нутаг дэвсгэртэй. Үүний 95,2 хувийг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг. ХАА-н эдэлбэр газрынхаа 99 хувийг бэлчээрийн газар эзэлдэг ч жилээс жилд хэмжээ нь буурч байгааг аймгийн Газрын нэгдмэл сангийн тайлангаас харж болно.  

Бэлчээрийн бууралтыг 2015 оныг 2016 онтой, 2016 оныг 2017 онтой харьцуулж үзэхэд бэлчээрийн талбайн хэмжээ улам бүр буурчээ. Газрын нэгдмэл сангийн тайланг сум бүрт гаргасан. Дэлхийн дулааралтай холбоотой байгаль цаг уурын өөрчлөлт, малын тоо толгойн  өсөлт, ашигт малтмал олборлолтоос үүдэн зам харгуй ихээр гарсан зэрэг хүчин зүйлүүдээс үүдэн бэлчээрийн хэмжээ байна.

Энэ хэрээр бэлчээрийн хүрэлцээ хангамж жилээс жилд буурч, эсрэгээрээ мал сүрэг хонин толгойд шилжүүлсэнээр жилээс жилд өссөн байна. Улсын хэмжээний үзүүлэлтээр 100 га бэлчээрт байх мал сүргийн тоог тогтоосон бөгөөд манай говь нутагт 45-50 хонин толгой мал шилжүүлснээр тооцдог.

Тэгтэл 60 гаруй хонь толгой байгаа нь бэлчээрийн даац хэтэрсний шинж юм. Хөдөө аж ахуйн үзүүлэлтийг гаргахдаа 100 га бэлчээрийн талбайд Ус цаг уур орчны шинжилгээний газар, газрын даамлууд, фотомониторинг хийж, бэлчээрийн даац ямар байгааг гаргадаг. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар бэлчээр нутгийн маань 18.5 хувь соргог, 81.5 хувь нь тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн гэж байна. Сумдаар нь харвал Өлзийт суманд л ганцхан 100 га бэлчээрт 29,3 хонин толгой ноогдож байна. Бусад сумдууд хэтэрсэн байдалтай харагдаж байгаа юм.

Энэ жилийн хувьд бэлчээрийн даацыг Ус цаг уурын газраас гаргасан мэдээллийг баримталж ажиллалаа. Энэ мэдээгээр Хулд сумын хойд хэсэгт бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч, Дэлгэрхангай, Өндөршил, Гурван сайхан сумдын зүүн хэсэг, Говь-Угтаал, Өндөршил, Эрдэнэдалай, Луус, Адаацагийн хойд урд тал, Дэлгэрцогтын баруун урд тал, Сайхан-Овоо, Хулд, Дэрэн, Цагаандэлгэр сумдын баруун зүүн тал зэргээр нийт нутгийн 55 хувь нь 2-3 дахин даац хэтэрсэн байна.

Төв хэсэг буюу Дэлгэрхангай сумын зүүн хойд хэсэг, нийт нутгийн 5 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн гэх судалгаа гарсан. Үүний дагуу бид отор нүүдлээ төлөвлөх, гаднаас отор нүүдэл авахгүй байхад анхаарсан. Цаг агаарын төлөвөөс харахад 2018-2019 оны өвөл хаварт өөрийн хэмжээнд аваад явах чадал байна. Өөр аймгаас отор нүүдэл ирэх нөхцөл байдал үүсвэл хариуцсан газар нутгаа зөв ашиглан зохицуулалт хийх хэрэгтэй гэдэг чиглэл баримталж байна.  

Мэдээлэл хүргэхэд манай аймгийн бэлчээрийн даацыг муутгаж байгаа өөр нэг  хүчин зүйл бол хортон мэрэгч. Нийт нутаг дэвсгэрийн 17,8 хувь буюу 1сая 500 мянга гаруй га бэлчээрийн талбайд хортон мэрэгч, үлийн цагаан огтоно тархсан байна. Өнгөрсөн онд нийт 8 сумын 72,5 мянган га бэлчээрийн талбайг  хамруулаад энгийн механик болон микробиологийн аргаар устгах ажлыг зохион байгуулсан. Эргээд бусад “суманд огтоно олширлоо” гэсэн мэдээлэл ирсэн.

Бид уг мэдээллийг үндэслэн ХХААХҮЯ болон Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнд хүсэлтээ уламжилж дараагийн ажлууд хийгдэж байна.  юм. Одоогоор 15 сумын 12 т нь хортон мэрэгч тархсан байна. Энэ жил Сайхан-Овоо сум бас нэмэгдсэн Өвөрхангай аймгийн хил залгаа сумаас орж ирсэн гэж үзэж байгаа. Хортой мэрэгч устгах ажлыг сумандаа үр дүнтэй хийх хэрэгтэй. Та бүхэн мэдээллээ өгч байгаа ч газар дээрээ хангалтгүй ажиллаж байна гэж үзсэн.

Нөгөө талаар энэ ажлыг хийхэд сум орон нутгаас ч хөрөнгө гаргах шаардлагатай байна. Бэлчээр нутгаа усжуулах ажлын хүрээнд сумдаас ирсэн хүсэлтийн дагуу багийн ИТХ ын хүсэлтийг үндэслэн 34 худгийг гаргаж 50 гаруй мянган га газрыг усжуулсан” хэмээн  танилцуулсан юм.

Дараа нь үндсэн танилцуулгаа хийсэн.

“Бидний ажлыг гол чиглүүлж өгсөн НАМЭМ төслийг хэрэгжүүлэгч МБАНХ ны Дунговь аймгийг хариуцсан Зөвлөхүүддээ юуны өмнө талархал илэрхийлье. Дундговь аймгийн Бэлчээр ашиглах журмыг боловсруулах ажилд Аймгийн Бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсэг, Элгэмсэг Дундговь ТББ,  Ус цаг уур орчны шинжилгээний төв, Газар зохион байгуулалтын газар, Байгаль орчны газар хамтран бусад аймгуудын журмаас санаа авах маягаар ажилласан.

Журмын төслийг урьдчилсан байдлаар өмнө нь хүргэж танилцуулсан учраас гол үзэл санаа, зорилго, талуудаас ирсэн санааг зөв зохистой, тэгш эрхтэйгээр хэлэлцэх нь чухал юм. Энэ журмын зорилго, зарчим, хэрэгжүүлэх арга замын талаар эхлэн танилцуулья.

Бэлчээрийн газрын ашиглалт хамгаалалтыг сайжруулах, төлөвлөх зохион байгуулах, хяналт үнэлгээ хийх замаар бэлчээрийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх,түүний нөөц чадавхид тохируулан мал сүргээ маллан өсгөх, малчдынг урамшуулах, эдийн засгийн хөшүүргийг зөв тооцоолох, аймгийн мал амьтны тогтвортой хөгжлийг хангахад энэхүү журмын зорилго оршино. Манай Дундговь аймгийн хувьд мал аж ахуйд түшиглэсэн эдийн засагтай. Нийт нутаг дэвсгэрийн 90 ээс дээш хувийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна.

Журмын зарчим нь “Энэхүү журмыг хэрэгжүүлэхдээ бэлчээрийн экологийн чадавхид суурилсан, оролцогчдын тэгш  оролцоог хангахад дор дурьдсан зарчмыг баримтална. Үүнд:

  1. Бэлчээрийн төлөв байдал чанарт хяналт үнэлгээ хийх, зохистой ашиглах хамгаалах, олон настын үр тарьж нөхөн сэргээх, сэлгээж өнжөөх, амраах арга хэмжээг малчдын оролцоотой төлөвлөн хэрэгжүүлнэ.
  2. Бэлчээрийн экологийн чадавхи бүтээмжийн чанар даацад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлнэ. Улирлын бэлчээр дэх нөөц буюу хужир мараа, байгалийн усны ил эх зүүсвэрийг ашиглахдаа оролцогчдын тэгш байдлыг хангана. Цаг улирлын  болон тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бэлчээрийн даац хэтэрвэл мал оруулахыг хориглоно. Гэргүй өрхийн малыг тухайн амьдарч байгаа өрхөд оруулан тооцно.

Бэлчээр ашиглалтын чиглэлээр сар улирал, жилд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дор дурьдсан зохицуулалтыг баримтална. Үүнд.

  1. Бэлчээр ашиглалтын чиглэлээр сар улирал жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж багийн ИНХ-аар хэлэлцүүлнэ.
  2. Хавар зун намрын сар улиралд хэсэгчлэн орсон хур тундасны мөрөөр хэсэгхэн ургасан ногоо бэлчээрийг зохистой ашиглах талаар хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг сумын ИНХ-ээр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

/Өөрөөр хэлбэл хэсэгчлэн орсон борооны мөрөөр ургамал нь бүрэн гүйцэт ургаж дуусаагүй байхад малчин айл бууж нөгөө газраа талхалчихаад нүүгээд явчихдаг. Түүгээр байгаа айлууддаа чхүнд нөхцөл үүсгэдэг. Үүнийг Багийн ИНХ-аар хэлэлцэж шийдвэрлүүлнэ гэсэн үг юм/

Шаардлагатай бол Аймгийн ИТХ тэргүүлэгчдийн хурлаар оруулж гаргасан шийдвэрийг сум багийн удирдлага зохицуулж, хяналт тавьж хэрэгжүүлнэ. Багийн ИНХ-аар батлагдсан Бэлчээр ашиглагчдын төлөвлөгөө нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын үндэс болно.

/Өөрөөр хэлбэл жил бүр сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ИТХ-аар хэлэлцдэг. Тэр төлөвлөгөөнд энэ онд тэдэн өрхөд газар эзэмшүүлнэ гэж байдаг. Тэр биш. батлагдсан бэлчээр ашиглалтын зохион байгуулалтын төлөвлөгөө нь сумын тухайн ужилийн газар зохион байгуулалтын үндэс болно. Тэрхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь тухайн сумын бэлчээрийн менежмэнтийн төлөвлөгөө журам болон явна/

Энэхүү үлгэрчилсэн журмыг сумдууд өөрийн онцлогт тохируулан боловсруулж болохоор гаргасан. Бэлчээр ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хөтөлбөрийн байгууллагууд малчдын бүлэг, бэлчээр ашигалагчдын хэсгүүд бэлчээр ашиглах төлөвлөгөөг гарган төрийн байгууллагтай хамтран ажиллана.

Бэлчээрийн даац хэтэрсэн нэг хонин толгой тутмаас 400-500 төгрөгийн төлбөр авч бэлчээрийн санд төвлөрүүлнэ.

/Энэхүү Бэлчээрийн санд төвлөрүүлэх хураамжийн төлбөр нь төслийн шатанд  яваа учраас саналаа хэлж өөрчилж болно/

 Тухайн жилд өнжөөж чөлөөлөх болон отрын бүс нутгийг сумын ЗД-ын өргөн мэдүүлсэнээр сумын ИТХ-аар шийдвэрлэнэ.

Бэлчээрийн төлөв байдлыг хянах, бэлчээрийн даац тооцох

Сумын ЗДТГ бэлчээрийн даацад үндэслэн дараах тооцооллыг гарган жил бүрийн 9 сарын 15 ны дотор Багийн Засаг даргад зөвлөмж байдлаар хүргүүлнэ.  Үүнд, хонин толгойд шилжүүлсэнэрэ өвөлжих малын тоон мэдээлэл, хязгаарыг тогтоох /Томъёонд оруулж бэлчээрийн нийт ургацын хэмжээнд 100 толгой мал хоногт 1.1 кг өвс иднэ гэж тооцоолон өвөлжих малын тооны дээд хязгаарыг гаргана/

Тухайн багийн малчин өрхийн нэг гишүүнд оногдох малын тоог уг томъёог ашиглан тооцоолж гаргана. Үүнд, өвөлжих малын тооны дээд хязгаарыг багийн нийт малчин өрхийн тоонд харьцуулж, тухайн багийн нэг малчин өрхийн нэг гишүүнд оногдох малын тоо гарч ирнэ.

Багийн засаг дарга зөвлөмжийн дагуу дараах арга хэмжээг тодорхойлно. Үүнд. Багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн хамтаар дээрх тооцооллыг хийж, малчин өрх бүрт өвөлжүүлэх малын тооны дээд хязгаарыг тогтооно.

Журмын хүрээнд бэлчээрийн хөрөнгө оруулалтаас чөлөөлөгдөх болон төлбөр хийх малчдын  нэрсийг гаргана. Бэлчээрийн даацаас илүү гарсан хонин толгойд шилжүүлсэн тоо толгойгоор зохих төлбөрийн хэмжээг тогтооно. Бэлчээрийн даац хүрэлцээтэй үед гаднаас өвөлжүүлэх малын тоо толгойн дээд хэмжээг тогтоож, Бэлчээрийн санд төвлөрүүлэх төлбөрийн хувь хэмжээг тогтооно.

Багийн Иргэдийн нийтийн хурал жил бүрийн 10 сарын 15 ны дотор хуралдаж дээрх асуудлыг ардчилсан зарчмаар нийтэд нээлттэй хэлэлцэж, олонхын саналаар батална.  

Бэлчээрийн даацаас илүү тоо толгой мал бүхий малчин өрх нь мал тооллого хүртэлх хугацаанд зах зээлд борлуулах, цөөн тооны мал бүхий малчин өрхөд хөлсөөр малжуулан дэмжих, бэлчээрийн даац бүхий өөр аймаг сумдад отроор явах зэрэг арга хэмжээг авч болно.

Багийн Засаг дарга тухайн жилийн мал тооллогын дүнд тулгуурлан Бэлчээрийн санд төвлөрүүлэх хөрөнгө оруулалтын нийт хэмжээг тогтоож, малчин өрхтэй гэрээ байгуулан дараа оны 5 сарын 15-ны дотор талууд уг тооцоог барагдуулна.

Тавиул малыг тухайн маллаж байгаа айлын малын тоонд оруулж тооцно. Тухайн Багийн ИНХ жил бүрийн  5 сарын 15–ний дотор хуралдаж өмнөх жилийн гүйцэтгэлийг тайлагнаж, багийн Бэлчээрийн санд тухайн онд төлвөрүүлэх нийт төлбөрийн хувь хэмжээ, тухайн жилд хийх ажлын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Энэ журмыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагууд оролцоно. Үүнд, Аймгийн Хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар тус бүр өөрсдийн үүрэг чиглэлийн дагуу оролцоно.

Бүх шатны хуралд Засаг дарга болон малчдын чиг үүрэг

Аймгийн ИТХ-ын чиг үүрэг нь “Бэлчээр ашиглалтын хариуцлагажуулах журам”-ыг хэлэлцэн баталж, доод шатны Засаг дарга нарт үүрэг өгч, арга зүйн зөвөлгөө өгч ажиллана. Журмын хүрээнд үлгэр жишээ ажиллаж байгаа иргэн малчдын бүлэг хоршоо, хэсэгт давуу эрхээр улсын төсөв болон орон нутгийн төсвөөс хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, төрийн дээд одон медальд тодорхойлно.

Аймгийн засаг даргын өргөн мэдүүлснээр сум дундын отрын нүүдэл бэлчээрийг тогтооно. Мөн өөр аймаг сум багаас орж ирсэн малын тоо толгой бүрээр авах төлбөрийн дээд хэмжээг хонин толгойд шилжүүлснээр нэг хоногт  10 төгрөг байхаар тооцож тогтооно.

Сумын ИТХ-ын чиг үүрэг нь: Сумын хэмжээнд хэрэгжүүлэх бэлчээрийг хариуцлагажуулах нэгдсэн журмыг баталж мөрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд мөрдөх журам гарсан тохиолдолд түүнийг үндэслээд сумынхаа орон нутгийн онцлогт тохирсон журмыг баталж мөрдүүлнэ.  Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хүрээнд  үлгэр жишээ ажиллаж байгаа иргэнд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Багийн ИНХ-ын чиг үүрэг нь: Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмыг хэлэлцүүлж, саналаа сумын ИТХ –д уламжилна. Бизнесийн зорилгоор олон тооны мал суурилуулсан бол нэг хонин толгойд 50 төгрөгөөс хэтрэхгүй байхаар бодож төлбөр тогтооно.

Энэ журмын 5.3.2, 5.6.4 заасны дагуу төлбөрийг төвлөрүүлсний дараа газар нутаг хугацааг зааж өгнө. Бэлчээрийн санд бүрдүүлэх зарцуулахад хяналт тавина. Тухайн багийн нутагт фотомониторнигийн судалгаа хийж болох оновчтой цэгийг тогтооно. Тухайн багийн бэлчээрт өөр аймаг сумын нутгаас отроор өвөлжиж хаваржих малын тооны дээд хязгаарыг тогтоохыг журмаар зохицуулна.

Сумын засаг даргын чиг үүрэг нь багийн ЗД-ын ажлын үнэлгээг гаргахдаа бэлчээрийн менежмэнтийн төлөвлөгөө, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хэрэгжилтийн үр дүнг үнэдслэн тооцдог байна. Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах журмыг мөрдөн ажиллаж байгаа баг, малчин өрхөд давуу эрхтэйгээр хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана.

Сумын Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, сумын ИТХ-ээр хэдэлцүүлэн хэрэгжилтийг дүгнэх ажлыг зохион байгуулна. Төсвийн тухай хуулийн  58.4 заалтын дагуу Сумын бэлчээрийн менежментийн төлөвлөлтийг хийх зардлыг сумын жилийн төсөвт тусган дулааны улиралд хэсэгчилэн сэргэсэн бэлчээрийг зүй зохистой үр ашигтай ашиглахтай холбоотой зардлыг хариуцан ажиллана.

Багийн ИНХ-ын тогтоолыг үндэслэн малчдын бүлэг, нөхөрлөл бэлчээр ашиглагчдын хэсэгт Газрын тухай хуулийн 52 зүйлийн 52.2 т заасныг үндэслэн бэлчээрийг урт хугацаагаар гэрээгээр ашиглуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэн хариуцлага үр дүнг тооцож ажиллана.

Гол горхи булаг шандны эх ундрагыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахыг зогсооно. /Бэлчээрийг хуваарлилтай ашиглаад ирэхээр хашсан бэлчээр асуудал дагуулна. Сумдад энэ журмын төслийг хэлэлцүүлээд явж байхад ч энэ асуудал нилээн ярих сэдэв болж байсан тул аль аль талын хүсэлтэд нийцүүлэн гаргасан/

Тухайн сумын бэлчээрт өөр аймаг сумын нутгаас отроор өвөлжиж хаваржих, мал оруулахдаа үлгэрчилсэн журамд нийцүүлэн төлбөр төлсний дараа айл өрхтэй гэрээг байгуулж, бэлчээр нугийг зааж өгч нэвтрүүлнэ.

Тухайн багийн нутаг дэвсгэрт олборололтын үйл ажиллагаа явуулаад газар нутгийг эвдрэлд оруулсан бол сумын даргатай зөвшилцөн тодорхой өөр газарт дүйцүүлэн хамгаалуулна.

Мөн мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын лицензтэй компанийн талбайд мал ороод ухсан нүхэнд нь унаж үхэх, ялгарсан усыг ууж үхэх зэргээр малдчын өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн малчид компаниас хохирол нэхдэг. Гэхдээ тэр нь малчдын 100 хувь буруу байдаг тул тэр байдлыг нилээн нарийн оруулж өгөхөөр яригдаж байна.

Багийн малчин өрхүүдээс хуримтлуулсан төлбөрийг сумын Бэлчээрийн санд  төвлөрүүлж, тухайн багийн ИНХ-аас шийдвэрлэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд санхүүжүүлнэ.

Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв нь сансрын хиймэл дагуулаас авсан ургамлын бүрхэвчийн тайланд ирсэн мэдээллийг үндэслэн борооны мөрөөр сэргэсэн бэлчээрийн талбайн хэмжээ, даац болон хонин толгойд шилжүүлснээр хичнээн тооны мал ямар хугацаанд бэлчээрлүүлж болохыг тодорхойлсон мэдээллийг гаргадаг. Ингэснээр шинээр сэргэх бэлчээрийг зохистой ашиглах зорилгоор аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв сумдаас ирсэн захиалгаар мэдээлэл авна. Зардлыг сум хариуцна.

Тухайн бэлчээрийн даацад тохируулан тодорхойлсон малын тооноос уг бэлчээрт бэлчиж байгаа малын тоог хасаад нэмж оруулах малын тоонд тохирсон малчдыг аль усанд буух, хэдий хугацаанд байх зэргийг албан ёсоор мэдэгдэнэ.

Энэ тухай нийт малчдад мэдээлж бэлчээр ашиглах журмыг танилцуулна. Дараагийн гол асуудал нь зэргэлдээ сумдын засаг дарга нарт тухайн сэргэсэн бэлчээрт шинээр мал оруулах боломж байгаа эсэхийг урьдчилан мэдээлнэ. Хэрэв мал нэмж оруулах бол хэдэн тооны малтай айл, ямар хугацаанд хаана бууж, ямар хугацаанд байхыг тодорхой зааж өгнө.

Багийн Засаг дарга нар бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг багийн иргэдэд танилцуулна. Тогтоосон төлбөрийг зохих этгээдээс хураан авч Бэлчээрийн санд хуримтлуулна. Тухайн жилд Бэлчээрийн санд хуримтлагдах хөрөнгийг сумын нэгдсэн санд төвлөрүүлэн Багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэрийн дагуу зарцуулж тайлагнана.

5.10.10, 5.5.11 дэх заалтуудын хүрээнд Сумын засаг даргын  шийдвэрийг хэрэгжүүлэхэд сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг хамтран ажиллана. Одоогийн байдлаар төсөл хэрэгжиж байгаа 5 сумдад энэ ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Бусад 10 сумын Орлогч парга нар сумандаа очиж ажлын хэсэг байгуулах хэрэгтэй.

Багийн засаг дарга нар хуваарь гарган хамтран зохион байгуулж гүйцэтгэлд хяналт тавин ажиллана.  Хуваарь зөрчин дур зоргоор нүүж ирсэн малчныг журамд зааснаар торгоно. Торгуулийг баг сумын Засаг дарга нар ноогдуулж, уг бэлчээрт оруулахгүй байх асуудлыг хариуцна.

Малчдын чиг үүрэг нь: Малчдын бүлэг нөхөрлөл, бэлчээр ашигллгчдын хэсэг зэрэг хамт олны зохион байгуулалтад нэгдэж, бэлчээр ашиглах үйл ажиллагаанд хамтран оролцоно.

Бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх бөгөөд бэлчээрийн даацаас хэтэрсэн тохиолдолд малыг хонин толгойд шилжүүлэн тогтоосон төлбөрийг сумын Бэлчээрийн санд төлж байна. Бэлчээрийн даацаас хэтэрсэн мал оруулахгүй байх, сум баг иргэдийн хурал, өдөрлөг, бэлчээрийн менежмэнтийн төлөвлөгөө боловсруулах ажилд идэвхитэй оролцоно.

Суманд малчид голдуу байх учраас малчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Бэлчээрт байгаа малын сэг зэм хог хаягдлыг цэвэрлэнэ. /Малын тоо толгой нэмэгдэж бэлчээрийн даац үнэхээр хэтэрсэн байна. Өвөл болсон ч цас орохгүй байгаа учраас усны хомсдол үүсч байна. Үнэхээр малчид энэ журамтай болохыг хүлээн зөвшөөрч байгаа нь мэдэгдэж байна. Бэлчээрийн тухай хуулийн төслөөс саналд авахалд санал өгсөн иргэдийн 80 орчим хувь нь зөвшөөрсөн/

Бэлчээрийг өнжөөж чөлөөлөх, сэлгээх, отор нүүдэл хийх талаар гаргасан шийдвэрийг дагаж биелүүлнэ. Гаднаас дур мэдэж айл өрх, мал сүрэг оруулж ирэх,  өвөлжөө хаваржааг бусдад дамжуулан ашиглуулахад төлбөр хураамж авахгүй байна.  /Нэгдсэн зохион багйуулалтад ороод ирэхээр ийм ажил хийх боломжгүй болно/

Бэлчээрийн сангийн эх үүсвэр зарцуулалт

Бэлчээрийн сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Малчин, мал бүхий иргэдийн хөрөнгө оруулалтаас Бэлчээрийн сан бүрдэнэ. Мөн тухайн багаас хуримтлагдсан хөрөнгийн хэмжээтэй тэнцэх төсвийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас дэмжих /Энэ ажил үр дүнтэй зохион байгуулагдаад ирэхээр аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэх байдлаар оролцоно/ Хандив тусламж бусад эх үүсвэрээс Бэлчээрийн санд бүрдэнэ.

Бэлчээрийн сангийн хөрөнгийг дараах нөхцөлд ашиглана.

  • Доройтсон хэт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах,
  • Бусад малчдын эрх ашгийг хөндөхгүйгээр ашиглагдахгүй бэлчээрийг ашиглах зорилгоор хөв цөөрөм бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд,
  • Багийн хэмжээнд ашиглах хадлан тэжээлийн талбай бий болгоход
  • Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх,
  • Газрын генератор суурилуулах, түүнийг ашиглахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх /түлш авч үүлэнд зориудаар нөлөөлөх/
  • Нийтийн бэлчээрийг хамгаалсан мод бут сөөг тариалах,
  • Өөр аймаг суманд отроор байгаа малчин өрхөд шаардлагатай хөрөнгийг Бэлчээрийн сангаас дэмжлэг үзүүлж болно.

Энэ журманд Бэлчээр ашигласаны татвар хураамжаас Чөлөөлөх нөхцлийг оруулсан. Үүнд

-Тухайн баг сумын 50-иас доошгүй хувь нь гантай байсан нь тогтоогдсон тохиолдолд нийн малчин өрх чөлөөлөгдөнө.

-Хонин толгойд шилджүүлснээр 2 гишүүнтэй өрхөд 400 толгой хүртэлх мал,

-3-4 ам бүлтэй бол 500 хүртэлх,

5 аас дээш ам бүлтэй бол 600 хүртэлх тооны малтай өрх чөлөөлөгдөнө. /Хоёр ам бүлтэй бол 400 толгой малд хүрэлцэх эсэхийг дахин хэлэлцэнэ/

-Тэмээн сүргийн тоо толгойг өсгөж нэмэгдүүлэх, үүлдэрлэг байдал, чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой бол тус тус чөлөөлнө.

Бэлчээр ашиглахад дараах үйл ажиллагааг бүрэн хориглоно

Үүнд, Тогтоосон журмын дагуу нэгдсэн зохицуулалтаар малаас чөлөөлсөн бэлчээр буюу өвөлжөө хаваржаа, түүний ойр орчимд дураараа мал оруулах, улирлын бэлчээрээс бусад газарт дур мэдэн нутаглах, бэлчээр ашиглалтын хуваарь болон гэрээний заалтыг зөрчих, хог хаягдал, хортой зүйлс, сэг зэмээр хашаа хороо өтөг бууцаар бэлчээр усны эх үүсвэрийг бохирдуулах, дур мэдэж өвөлжөө хаваржаа барих, нийтийн бэлчээрийг хашиж хамгаалах, бусдын малыг дур мэдэн оруулж бэлчээрийн ачааллыг хэтрүүлэх, малын урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаагүй, эрүүл мэнлийн дэвтэргүй малыг сум багийн нутагт оруулахгүй байна.

Бэлчээр ашиглалттай холбоотой зөрчил хариуцлагын асуудлыг дараах нөхцөлд авч үзнэ. Энэхүү Бэлчээр ашиглалтын журам төсөлд тусгагдсан арга хэмжээг биелүүлэхийг хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа татгалзаж, зөрчсөн бол зохих хариуцлагыг тооцно. Бусдын малыг дур мэдэн оруулах, бэлчээр нутаг хашаа хороог дур мэдэн ашиглаж, худалдсан бол холбогдох хууль журмын дагуу эрх бүхий байгууллага албан тушаалтанд хариуцлага тооцно.

Шаардлагатай гэж үзвэл тухайн бэлчээрт учирсан хохирлыг тооцож, зах зээлийн ханшаар төлүүлэх арга хэмжээ авна. Журамтай холбоотой маргааныг Багийн ИНХ-аар хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ. Журмын хэрэгжилтийг санаатайгаар мушгин гуйвуулж, малчдыг төөрөгдөлд оруулсан ажилтан албан тушаалтанд хариуцлага тооцно” хэмээн танилцуулсан юм.

Энахүү журмын төслийг танилцуулсны дараа оролцогчид төслийн зүйл заалт бүр дээр санал хэлж, өөрчлөлтийг тухай бүрт нь тэмдэглэн авч, зохих хууль дүрмийн хүрээнд өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байсан юм. Оролцогчдын санал нэгтэй оруулсан өөрчлөлт нь тэмээ болон бусад мал гэсэн санал байлаа. Учир нь говийн аймгуудын хувьд хамгийн чухал, гол өсгөн үржүүлдэг амьтан нь тэмээ байдаг. Гэтэл түүнийг хонин толгойд шилжүүлэн тооцох нь Тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх бодлоготой зөрчилдөж байна гэж үзсэн билээ.

Ийнхүү аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг “Дундговь аймгийн Бэлчээр ашиглах журмын төсөл”-ийн хэлэлцүүлгээс гаргасан саналыг өөрчлөлтийг оруулан оруулан аймгийн ЗДТГазрын Хууль зүйн хэлтсээр хянуулж, улмаар аймгийн ИТХ –ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Хэрэв уг журмыг хэлэлцэн баталвал “Бэлчээрийг ашиглах, хариуцлагажуулах журам” –тай аймгуудын нэг болох юм.

НИЙТЭЛСЭН: 2018-12-05 17:59:26