Дундговь аймгийн БМАХ, СБАХ, БАХ-ын ахлагч нарыг чадавхижуулах сургалт болж байна

Дундговь аймгийн Мандалговь суманд Дундговь аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, СБАХ, БАХ-ын ахлагч нарыг чадавхижуулах сургалт зөвлөгөөн болж байна. Сургалтыг МБАНХ, Аймгийн ХХААГ, Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран зохион байгуулж байна. Сургалт зөвлөгөөнд Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Дундговь аймгийн АБАХ-ын гүйцэтгэх Захирал Г.Дашбалдан, МБАНХ-ны зөвлөх  Б.Мэнджаргал, МБАНХ-ны зөвлөх Л.Ганцогт, МБАНХ-ны Хоршоо, дундын сан хариуцсан мэргэжилтэн Г.Цэрэндолгор, “Элгэмсэг дотно Дундговь” ТББ-ын тэргүүн н.Тогтох тэргүүтэй, тус аймгийн нийт сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд сумдын Засаг даргын орлогч нар,  төсөл хэрэгжиж байгаа 5 сумын СБАХ, БАХ-ын гишүүд оролцож байна.

Зөвлөгөөний эхний хэсэгт Дундговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, ХАА-н газар түүний өнөөгийн байдал арга хэмжээний талаар Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир товч мэдээлэл өгсөн. Тэрбээр хэлэхдээ "Дундговь аймгийн хувьд 3,6 сая толгой малтай, бэлчээрийн даац 2-3 дахин нэмэгдсэн, ашигт малтмалын эрэл хайгуулын ажилтай холбоотой том оврын автомашин бэлчээрийг ихээр талхалж, малчдын мал маллагаа явуулахад саад бэрхшээл учруулж байгаа аж. Түүнчлэн тус аймагт ашигт малтмалтай холбоотой 200 гаруй хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байдаг, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн хүсэлт 40 гаруй ирсэн.

Нөгөө талаар дэлхийн дулааралтай холбоотой байгаль цаг уурын өөрчлөлт тус аймагт нөлөөлж байна. Иймд мал аж ахуйн суурь болсон бэлчээрийн асуудлыг ярьж, түүнийг хэрхэн зөв зохистой ашиглах тухай асуудлыг хэлэлцэж, Дундговь аймгийн Бэлчээр ашиглах журам гаргах зайлшгүй шаардлага бий болж байна. Иймд ШХА-ын Ногоон алт малыйн эрүүл мэнд төсөл хэрэгжиж байгаа 5 сум төдийгүй бусад сумдын бэлчээрийн өнөөгийн төлөв, нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцаж, аймгийн онцлогт тохирсон Бэлчээр ашиглах журам боловсруулахад та бүхний оролцоо чухал үүрэгтэй" хэмээн онцолсон юм. 

 

 Түүний дараа Дундговь аймгийн АБАХ-ын гүйцэтгэх Захирал Г.Дашбалдан Ногоон алт малын эрүүл мэнд төсөл хэрэгжсэн сумдад гарсан ололт амжилтын талаар мэдээлэл өглөө.

Түүний дараа МБАНХ-ны зүгээс тус аймагт Бэлчээр ашиглах журмын төсөл” боловсруулахад мэргэжил арга зүйн зөвөлгөө өглөө. МБАНХ-ны зөвлөх Б.Мэнджаргал “МБАНХ-ны зорилго, үйл ажиллагааны чиглэл, бэлчээрийн менежмэнт дахь малчдын байгууллагын үүрэг оролцоо” сэдвээр, МБАНХ-ны зөвлөх Л.Ганцогт “Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдын оролцоотой сэргээх нь”, “Бэлчээр ашиглах гэрээ журмаар дамжуулан ашиглалтыг хариуцлагажуулах” сэдвээр, МБАНХ-ны Хоршоо, дундын сан хариуцсан мэргэжилтэн Г.Цэрэндолгор “Дундын сан, түүний ажиллагаа” сэдвээр  мэдээлэл өглөө.

Түүний дараа Дундговь аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Ж.Шинэ-Уянга “Бэлчээр ашиглах журам”-ын төсөл танилцуулж байна. Төгсгөлд нь  ШХА-ийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөл хэрэгжиж байгаа 5 сумын 2018 оны төлөвлөгөө,үйл ажиллагааны биелэлт, 2019 оны төлөвлөлтийг тодорхойлох зорилгоор сумдууд багаар ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

НИЙТЭЛСЭН: 2018-11-29 07:22:42