Ч.Батсуурь: ХАА-н суурь болсон бэлчээр нутаг хамгаалагдана гэдэгт итгэж, зүтгэж байна

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын СБАХ-ны тэргүүн Чимидийн Батсуурьтай ярилцлаа.

-МБАНХ-той хамтран ажилласан түүхээс хуваалцвал?

-Би малын эмч мэргэжилтэй. 1969 онд Архангай аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг төгссөн. 1982 он хүртэл малын эмчээр ажиллаж байгаад төрийн захиргааны байгууллагад буюу тухайн үеийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд Нарийн бичгийн даргаар  ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.

2017 оны 6 сараас Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Сумын бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдаж, тэргүүнээр нь ажиллаж байна. Тэр үеэс л Бэлчээр ашиглалтын холбооны зорилго чиглэл үйл ажиллагааг малчдад ойлгуулах, бэлчээрийг яаж зөв зохистой ашиглах вэ, яаж хуваарьтай ашиглах вэ, бэлчээрийн доройтлыг яаж бууруулах вэ гэдэг асуудлаар хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн мэргэд, бусад мэргэжлийн байгууллагын хамтаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүнгээ түшиглэн малчдад хэрэгтэй мэдээ мэдээллээр хангаж, малчдад ойлгуулах зорилгоор хичээн ажиллаж байна.

-Танай сумын хувьд бэлчээрийн асуудал ямар түвшинд байгаа вэ?

-Манай сум 450 гаруй малчин өрхтэй. 245 мянга орчим мал байна.  Хонин толгойд шилжүүлвэл бүр ч их тоо гарна. Өнөөдрийн бэлчээрийн нөхцөл байдлын хувьд 80-аад оны Дундговь аймгийн хэмжээнд явна. Өвс ургамал сийрэгжсэн, газрын бүрхэц ургацын хэмжээ муудсан байна. 1990 оны үед нэг кв метрт 32 нэр төрлийн ургамал ургадаг байсан бол өнөөдөр 9-17 нэр төрөл болон цөөрсөн байна. Энэ бол бэлчээр маш хурдан доройтож байгаагийн илрэл.

-МБАНХ-той хамтран ажилласнаар сум орон нутагтаа хийсэн ажлуудаас дурьдвал?

-Бэлчээрийн даацыг зөв зохистой ашиглахын тулд маш их ажил хийх ёстой. Хамтын хүчээр энэ ажлыг хийнэ гэдгийг малчид, иргэдийн оюунд ойлгуулах хэрэгтэй. Өнөөдөр малчин  хүн олон малтай байхыг илүү хүсдэг. Малаа цөөлье гэж бодох хүн байхгүй. Тэгэхээр малын тоо толгойг цөөрүүлэх, бэлчээрийн даацад тохируулах асуудлыг хүмүүст зөв ойлгуулах,  нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал юм.

Малаас авах ашиг шимийг нэмэгдүүлнэ гээд эрлийз малаар эрчимжүүлнэ гээд төрийн томчууд яриад байна. Монголын нөхцөлд энэ хэзээ ч  тохирохгүй. Харин үндэснийхээ шилмэл омгийн  малаар малынхаа үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээртэйгээ зөв харьцах хэрэгтэй.

Энэ жилийн хувьд сумын бэлчээр ашиглаглагчдынхаа хэсгийг байгуулахаар нилээдгүй ажиллалаа. Манай сум 4 багтай, 3 багт нь БАХ байгуулчихлаа. Үлдсэн нэг багийг энэ ондоо байгуулахаар зорьж байна

-Ирэх оны төлөвлөгөө?

-Ирэх  онд малчдынхаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг улсын үйлдвэрийн газруудад нийлүүлэх зорилго тавьсан. Улсын үйлдвэрийн газруудаар дамжуулан малчдад шаардлагатай бараа таваарыг гадаад дотоодоос оруулж ирэхэд анхаарч ажиллана. Гол нь энэ хоёрын хооронд ямар нэгэн ченжийн  шат дамжлагагүй холбохыг зорьж байна. Мөн Улаанбаатарчуудыг ченжийн гар дамжсан баталгаагүй мах хэрэглүүлэмгүй байна. Иймд хоршоогоороо дамжуулаад эм тарилгын үлдэгдэлгүй, эрүүл цэвэр, чанартай махаар нийслэлчүүдийг хангах ажилд нэгдэнэ. Ингэж чадвал бидний зорилго бүтэх юм.

-Зах зээлийн нийгэмд шилжиж нэг хэсэг малчин, мал, бэлчээр гурав бүрэн орхигдсон байсан. Харин одоо ШХА Ногоон алт малын эрүүл мэнд төсөл хэрэгжүүлж, мөн МБАНХ байгууллагдаж, малчдад төдийгүй бэлчээрийн асуудлаар олон ажил хийж байна. Энэ талаарх сэтгэгдэлээ илэрхийлвэл?

-Өмч хувьчлал явагдсанаас хойш мал хувийн өмчид очиж, бүх юм хаягдсан.  Малдчыг хамгаалдаг байгууллага байхгүй болсон. Малчинд маш их дарамт учирсан. Төрийн дарамт , ченжийн дарамт, байгаль цаг уурын дарамт байна. Хөндлөнгийн буюу малын хулгай ч нүүрлэх болсон.

Малчдын эрх ашгийг хамгаалах байгууллага байгуулагдсанаар малчид нэгдсэн нэг үзэл санаа зорилготой болж, нэгдэж байна. Сум орон нутагт ядаж л хаа сайгүй дураараа нүүж ирээд бэлчээр талхлаад байсан дур зоргоороо асуудлыг зогсоож байна. Ийм байгууллагтай болсоноор малчдын амьдрал ахуй сайжирч, хөдөө аж ахуйн салбарын суурь болсон бэлчээр нутаг хамгаалагдана гэдэгт итгэж, зүтгэж байна даа.

НИЙТЭЛСЭН: 2018-11-29 02:09:10