Г.Тэмүүлэн: Бэлчээр чөлөөлөх, амраах, ашиглах, сэлгэх зэрэг уламжлалт мэдлэгийг хуулийн хэлбэрт оруулья

Монгол орны бэлчээрийн Үндсэний хоёрдугаар форумын үеэр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэнгээс сэтгэгдлийг нь авсан юм.

Тэрбээр хэлэхдээ "Монгол орны бэлчээрийн үндэсний форумыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өнгөрсөн оны анхны форумд оролцсон. Энэхүү форумыг зохион байгуулах болсон үндсэн шалтгаан нь мал аж ахуйн салбарын цаашдын хөгжил дэвшилд нөлөө үзүүлэхэд бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Цаашид малынхаа ашиг шимийг дээшлүүлэх, тухайн малаас авах нэгж бүтээгдэхүүний чанар, гарцыг нэмэгдүүлье гэвэл бэлчээр нутагтаа зүй зохистой хандах хэрэгтэй юм. Тиймээс бэлчээрт хандах хандлагыг өөрчлөхөд тодорхой хуулийн хүрээнд зохицуулах шаардлага байна. Нөгөө талаасаа байгаль экологийнхоо талаас авч үзвэл Монгол улсын нийт бэлчээр нутгийн 57 орчим хувь нь өнөөдөр бэлчээрийн доройтолд өртсөн байна. Аль ч аймаг, сум багт яваад очсон бэлчээрийн маргаангүй газар нутаг гэдэг ойлголт байхгүй болсон байна.

Тэгэхээр цаашид бэлчээрийн асуудлыг зүй зохистой шийдвэрлэх, малчдын дунд үүсэж болох тухайн маргааныг хуулийн хэлбэрт оруулах нь ирээдүйн хөгжлийн гарц гэж үзэж байна. Гэхдээ бид бэлчээр хамгаалах, маргаантай асуудлыг зохицуулах нь зөвхөн татвар хураамжийн хүрээнд яригдах учиргүй. Энийг бид тухайн сум, багийнхаа түвшинд нэгдсэн зохион байгууллалттайгаар тухайн ашиглалтыг нь зөв зүйтэйгээр хийдэг байх, хуучин өвөлжөө хаваржааны намаржаа зуслангийн газруудыг баг сум нэгдлийн түвшинд зохион байгуулалтад оруулж, чөлөөлж, ашигладаг харилцаа байсан. Энэ бүхнийг хуулийн хэлбэрт оруулья. Бэлчээр чөлөөлөх, амраах, ашиглах, сэлгэх гэдэг тус тусдаа өөр өөр ойлголтууд байдаг. Тэгэхээр энэ бүх уламжлалт мэдлэгийг хуулийн хэлбэрт оруулж, залуу малчид маань цаашид авч ашигладаг байх хэрэгтэй. Энэ бодлогыг л хуулийн хүрээнд шийдвэрлэж өгье гэж байгаа юм.

Миний зүгээс "Бэлчээрийг зүй зохистойгоор эдэлбэр газарт ашиглах тухай” гэдэг хуулийн төслийг боловсруулаад явж байгаа. Дээрээс нь өнгөрсөн онд хийсэн форумаас гаргасан хуулийн төсөл дээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ жил идэвхийлэн анхаарч, Бэлчээр хамгаалах хуулийн төслийн  Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өөрийн хэмжээнд боловсруулсан хуулийн хувьд өнөөгийн нөхцөлд ямар нэгэн татвар байх шаардлага байхгүй. Учир нь нэгд, үндсэн шалтгаан нь мал аж ахуйн салбар маань өнөөдөр хөл дээрээ босоогүй байна. Тухай мал болон малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний үнэлэмж төдийлөн зах зээлд үнэлэгдэх хэмжээнд очоогүй байна. Тэгэхээр энэ түвшинд татвар тавих гэдэг нь мал аж ахуйн салбартаа дарамт ачаа болох асуудал гарна. Бид нар илүү өнөөдөр малын тоо толгой өсөөд 80 сая хүрсэн энэ түвшинд малчидтай илүү хамтарч, нэгдэж, нийлж бэлчээрээ газар нутгаа зөв ашигладаг байх, бэлчээрээ чөлөөлдөг байх гэсэн хамтын системд оруулахыг хуульчилахыг миний хувьд оруулж өгсөн.

Засгийн газрын зүгээс арай өөр байр суурьтай буюу татварын асуудлыг ярьж байгаа. энэ хоёр хуулийн төслийг УИХ-д оруулаад нэгтгээд, аймаг орон нутгаас, иргэдээс саналыг нь аваад тухайн баг суманд хэрэгжүүлж болох хуулийн төслийг батлах нь хамгийн чухал юм" гэлээ.

НИЙТЭЛСЭН: 2018-11-20 06:28:06