Габриелла Спирли: Бэлчээрийн тухай хууль энэ жилдээ өргөн баригдана гэж найдаж байна

Монгол орны бэлчээрийн үндэсний  II форумын үеэр ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Габриелла Спирли сэтгүүлчдэд өгсөн мэдээллийг хүргэж байна.   

Швейцарийн хөгжлийн агентлаг Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 15 гаруй жил болж байна. Бидний анхаарч ажилладаг гол чиглэл бол хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, засаглал гэсэн гурван чиглэлээр дэмжлэг үзүүлж ирлээ.

Монгол Улсын эдийн засагт багагүй хувь нэмэр оруулдаг мал аж ахуйн салбарыг цаашид баталгаатай байлгахын тулд бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй. Бид энэ зорилгоор хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр НАМЭМ төсөлтэй хамтран ажиллаж байна.

Энэ төслийн хүрээнд орон нутгийн засаг захиргаа, малчид зэрэг энэ чиглэлээр ажилладаг бүх хүмүүсийн чадавхийг нэмэгдүүлэх, хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд анхаарч байна. Ингэснээр малчид бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалтад орж, бэлчээрээ сайжруулж хамгаалах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.

Бэлчээр ашиглагчдын бүлгүүдийг зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Тухайлбал, яаж гэрээ байгуулж хамтран ажиллах уу, бэлчээрийг зөв зохистой ашиглахад нь ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй байх вэ гэдэгт малчид өөрсдөө санал бодлоо гаргаж, урт хугацаандаа үр дүнтэй байх бодлогыг хүргэж, дэмжлэг үзүүлэхэд нь хичээж ажиллаж байна.

Энд бэлчээрийн доройтолд өртөж байгаа газруудыг хэрхэн нөхөн сэргээх үү, малын гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн зах зээлд гаргах уу, хэрхэн хоршоодыг дэмжих үү зэрэг тодорхой ажлуудыг хийсэн байдаг. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд төсөл гурван суманд үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 150 гаруй суманд  төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Есдүгээр сарын байдлаар нийт 60 мянга гаруй өрх төслийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулдаг сургалтуудад оролцсон байна.

Одоогоор Монгол Улсад бэлчээр ашиглагчдын 1200 орчим бүлэг байна. Мөн сумын түвшинд хамтраад бэлчээр ашиглагчдын холбоодыг үүсгэсэн байна. Тодруулбал, сумын хэмжээнд 100 орчим, аймгийн түвшинд 14 нэгдсэн холбоо байна. Үүнийг улсын хэмжээний үр дүнтэй ажил болгохын тулд эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Тэгэхээр бэлчээрийн менежментийн хууль бий болсноор мал аж ахуй салбарыг хүртээмжтэй болгоод зогсохгүй өсгөн нэмэгдүүлнэ.

ХХААХҮЯ-ны, НҮБ-ын дэмжлэгтэйгээр орон нутгийн засаг захиргааг оролцуулсан зөвлөлдөх уулзалтуудыг 2016, 2018 онд зохион байгуулсан. Судалгаанаас харахад малчдын 70 хувь нь бэлчээрт тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Хэдийгээр хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа ч орон нутгийн түвшинд иргэдийн хурлаар дамжуулан арга хэмжээнүүд авч байгааг хэлэх нь зүйтэй.

Тухайлбал, Баянхонгор, Архангай, Завхан зэрэг аймгуудад оролдлогууд хийгдэж байна. Цаашид энэ үйл ажиллагаа илүү өргөн хүрээтэй болохын тулд Монгол Улс олон улсын байгууллагуудтайгаа хамтраад үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй. Саяхан ХХААХҮЯ-наас Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй байгууллагын хоёр дахь хурлыг зохион байгуулсан. Энэ үеэр хууль эрхзүйн орчны ач холбогдлыг онцолж байсан. Тиймээс бэлчээрийн тухай хуулийн төслийг цаг алдалгүй өргөн барьж УИХ батлах боломжтой гэж харж байгаа.

Малын эрүүл мэндтэй холбоотой хэдэн зүйл хэлье. Мэдээж малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрсэн гэдгийг малчид ойлгож байгаа. Малаасаа яаж үр шимийг хүртэх үү, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээл дээр яавал өндөр үнэтэй гаргах уу гэдэгт асуудлууд байгаа нь ойлгомжтой. Малын эрүүл мэндийн тухай хууль амжилттай хэрэгжих юм бол малын гаралтай бүтээгдэхүүний чанар сайжирч, дэлхийн зах зээлд амжилттай гарах боломжтой. Тэгэхээр энэ хуулийг сайн хэрэгжүүлэхэд зайлшгүй Бэлчээрийн тухай хууль оновчтой байх шаардлагатай.

Тиймээс хууль энэ жилдээ өргөн баригдаж, батлагдах байх гэдэгт найдаж байна. Дашрамд дуулгахад, Малын эрүүл мэндийн тухай хуулийг батлуулахад Швейцарийн хөгжлийн агентлаг дэмжэлэг туслалцаа үзүүлсэн. Энэ хууль 2018 оны 6 сарын 1-ээс батлагдаад хэрэгжиж эхэлсэн. Хууль батлагдсанаар оролцогч талуудын хамтын ажиллагаа сайжирч, малын эрүүл мэнд сайжирна. Ингэснээр малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

НИЙТЭЛСЭН: 2018-11-20 06:06:24