Гар утсаа ашиглан эрүүл, баталгаатай мах худалдан авч байгаагаа мэдэх боломжтой боллоо

Хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн хэрэглэх нь өөртөө болон хайртай дотны хүмүүстээ өгч буй эрүүл мэндийн хамгийн том хөрөнгө оруулалт тул энэ асуудалд маш нухацтай хандах учиртай. Хаана, хэзээ үйлдвэрлэсэн, ямар орц найрлагатай гэх зэргийг сайтар судалж, мэдсэний дараа итгэлтэйгээр худалдан авалт хийх нь хамгийн таатай ажлын нэг юм. Тэгвэл энэхүү орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, дэлхийн стандартыг хангасан худалдан авалт хийх боломж нээгдсээр байна. Үүний нэгэн жишээ нь Монголчуудын хүнсэнд хамгийн их байр суурийг эзэлдэг мах, махан бүтээгдэхүүн эрүүл, аюулгүй, чанартай, баталгаатай гэдэг шалгуураар худалдан авах боломж нээгдлээ. 

Мах, махан бүтээгдэхүүнийг өмнө нь бид хүнсний зах, дэлгүүрээс худалдан авах юмуу хөдөө амьдардаг танил талаараа дамжуулан худалдан авдаг байсан. Харин одоо малчнаас шууд хэрэглэгчдэд буюу ченжийн дамжлага, эсвэл танил талаасаа итгэл үнэмшлээрээ худалдан авалт хийдэг асуудал үгүй болох нь ээ.  Тодруулбал, малчин хүн бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, зөв зохистой ашиглаж малаа соргог бэлчээрт идээшлүүлж, мал сүргээ цаг тухайд нь мал эмнэлгийн шаардлагатай үйлчилгээнд хамрагдуулж, өсгөн үржүүлээд түүнийгээ малчдын байгууллага болох хоршоогоор дамжуулан Мах боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ. Махны үйлдвэрт нийлүүлэхдээ “Мал эмнэлгийн гэрчилгээ”-г системийн дагуу тухайн малын мах эрүүл, аюулгүй, эмийн үлдэгдэлгүй зэрэг баталгааг өгнө.

Малчид чанартай, баталгаатай мах нийлүүлдэг болсноор орлого нь тодорхой болно. Харин үйлдвэрлэгчид чанартай, баталгаатай мах хүлээн авч боловсруулалт хийж, хэрэглэгчдийн хүнсний хэрэглээнд эрүүл  баталгаатай махыг тогтмол нийлүүлэх боломж бүрдэж байна. Монголчуудад анх удаа  хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан мах худалдан авах боломжийг бүрдүүлсэн энэхүү систем нь ШХА-ийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн санхүүжилтээр Малын эмнэлгийн ерөнхий газар,  Дижитал медик компани, Юнител групп хамтран хэрэгжүүүлсэн ажлын үр дүн юм. Уг системийг өнгөрөгч 2017 онд Архангай аймгийн хоёр суманд туршиж, хэрэгжүүлсэн бөгөөд энэ онд 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслийн үр дүнг харуулсан махны өргөтгөсөн худалдаа өчигдөр Лавай төвд нээлтээ хийсэн юм.

Нээлтийн үеэр ШХА-ийн НАМЭМ төслийн Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дивангар хэлэхдээ “Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд хоёр системийг Монгол Улсын төрийн байгууллагуудад хүлээлгэн өгч байна. Энэ хоёр систем ШХА-ийн НАМЭМ төслийн өмчлөл, эзэмшилд байсан. Энэ баримт бичиг, эх код бүхий дата системийг төрийн байгууллагуудад хүлээлгэн өгснөөр төрийн эзэмшилд албан ёсоор шилжиж байгаа юм.

Эхнийх нь “Мал эмнэлгийн лабораторийн удирдлага  мэдээллийн систем”. Энэ системийг хөгжүүлэх ажил анх 2015 онд эхэлсэн. Монгол Улсын мал эмнэлгийн салбарт нилээн  том хөгжил дэвшил авчирсан. Энэ системийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд ашиглаж байсныг төслийн хүрээнд өргөжүүлж 330 сум сууринг бүхэлд нь холбох бэлтгэл ажлыг хангасан байдлаар нь хүлээлгэн өгч байна. Дараагийнх нь “Мал эмнэлгийн бүртгэл мэдээлэл, баталгаажуулалт, гэрчилгээний  систем”. Энэ системийг 2017 онд төслийн хүрээнд хөгжүүлж эхэлсэн. Энэ онд өргөжүүлэн 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлж туршсан үр дүнгээ хэрэглэгчдэд тайлагнан энэ удаагийн махны худалдааг зохион байгуулж байна” гэв.

Лавай төвд худалдаалагдаж буй мах нь үнийн хувьд хонь 6000, ямаа 5500, адуу 6500, үхэр 5800 -7000 төгрөгийн үнэтэй байгаа аж. Хэрэглэгч та гар утас дээр “Мал эмнэлгийн гэрчилгээ” гэсэн системийн аппликейшнийг үнэгүй татаж суулгаад, түүгээр таны худалдан авч буй махан дээрх кодыг уншуулснаар тухайн мах хаанаас гарал үүсэлтэй, хаана бэлтгэж боловсруулсан зэрэг мэдээллийг шууд харж мэдэж болно. Ингэснээр хэрэглэгч та магадгүй танил талаасаа мах худалдан авах гэж хөдөө явж, зардал чирэгдэл бололгүй харин тэдний энэхүү системийн дагуу бэлтгэсэн махыг нь дэлгүүрийн лангуун дээрээс сонгон худалдан авах боломжтой болох нь ээ.

Дашрамд дуулгахад, Лавай худалдааны төв нь Эрэл компанийн баруун урд талд буюу III цахилгаан станцын уулзвараас чанх урагш Бетон арматурын үйлдвэрийн зүүн талд байрладаг юм байна. Хэрэглэгч та Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Ховд, Төв, Өвөрхангай аймгаас нийлүүлж, Мах маркет, Меет фүүдс компаниудад бэлтгэсэн чанартай, эрүүл, баталгаатай мах худалдан авахыг хүсвэл энэ амралтын өдрүүдэд Лавай худалдааны төвийг зориорой. Хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн хэрэглэх нь өөртөө болон хайртай дотны хүмүүстээ өгч буй эрүүл мэндийн хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг битгий мартаарай.

НИЙТЭЛСЭН: 2018-11-03 06:01:15