Габриелла Спирли МБАНХ дээр ажиллалаа

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төв байранд Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габриелла Спирли, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Байгалмаа нар хүрэлцэн ирж уулзалт хийлээ. Уулзалтад Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг тэргүүтэй холбооны зөвлөх, мэргэжилтнүүд байлцав.

Уулзалтаар Ирэх сард Монгол Улсын засгийн гаүарт хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байгаа Мөшгих тогтолцоо, орон нутагт хэрхэн хамтран ажиллах, олон улсын зах зээлд хэрхэн ажиллах, удахгүй зохиогдох Монгол орны бэлчээрийн хоёрдугаар форумын бэлтгэл ажил ямар шатанд яваа зэрэг сэдвээр ярилцлаа.

Хатагтай Габриелла Спирли хэлэхдээ “Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл 2020 оныг дуустал хэрэгжих бөгөөд төслийн үйл ажиллагаа болон санхүүжилт зогсоход “Мөшгих тогтолцоо”-г цаашид яаж тогтвортойгоор авч явах вэ гэдэг асуудалд өнөөдрөөс санаа тавиж ажиллах нь чухал байна. Малчид, үйлдвэрлэгчдэд ашигтай байлгах болон хоёр жилийн дараа ямар байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. МБАНХ, МЭЕГ зэрэг холбогдох байгууллагууд хийх ажлын гэрээг тус тусад нь салгаж, “Дижитал Медик” компанитай худалдан авалтын гэрээ байгуулж, илүү ил тод ойлгомжтой болгох хэрэгтэй” хэмээн онцолсон юм.

МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ “2017 онд Мөшгих тогтолцоог Архангай аймагт туршаад үзчихсэн. Энэ онд 15 суманд хэрэгжүүлж байна.  БАХ, БАГ нийлүүлж, өнгөрсөн жилийн нэмэлт санхүүжилтийн хүрээнд хийгдсэн ажлууд 80 хувьтай байна. Техник тоног төхөөрөмж авч, сумдад ээмэг уншигч авсан. Мал эмнэлгийн эмч нарт зориулан Мал эмнэлгийн ерөнхий газар, Дижитал Медиктэй хамтран сургалт явуулсан. Хоршооны дарга нарт мэдээлэл өгсөн. Одоо СБАХ, малчдад зориулсан сургалт явуулах шаардлагатай байна. Одоо цаашид Бэлчээрийн менежментийг үргэлжлүүлэхэд юун дээр анхаарч ажиллах вэ гэдгийг ярилцаж байна. Мөн бид Европийн холбооны санхүүжилтээр “Нүүдэлчин малчдын мэдээллийн сан бүрдүүлэх” ажлыг оюутнуудын тусламжтайгаар хийж байна” хэмээн мэдээлэл өгсөн юм.

НИЙТЭЛСЭН: 2018-10-10 10:24:08