Д.Эрхэмбаатар: Малын эмч нарын нийгмийн баталгааг сайжруулах хэрэгтэй

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Улсын мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Дижитал медик ХХК, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул сумын Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчдад зориулан сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын мэргэжилтэн Д.Эрхэмбаатар “Хуулийн хэрэгжилт, цаг үеийн мэдээлэл” сэдвээр Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг суманд мэдээлэл хийсэн юм.

Д.Эрхэмбаатар хэлэхдээ “Би Улсын мал эмнэлгийн Ерөнхий газрын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, мал эмнэлгийн тасаг, орон нутаг хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Юуны өмнө 2017 оны 12 сарын 08 ны өдөр “Малын эрүүл мэндийн тухай хууль” батлагдсан. Энэ хуулийн хэрэгжилтийн талаар товчхон танилцуулья. Хууль 2018 оны 6 сарын 01 ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуультай холбоотой 140 гаруй бичиг баримт гарч ирэн мөрдөгдөнө. Бүх баримт бичгүүд гараад батлагдах шатандаа яваа. Улсын мал эмнэлгийн ерөнхий газар Монгол Улсын хэрэгжүүлэгч агентлаг болсноор зарим аймгуудад Мал эмнэлгийн газрын дарга нар томилогдож ажлаа эхлээд байна. Монгол Улс 1сая 500 га нутаг бэлчээртэй, 70 сая малтай, 3.5 сая хүн амтай нэг хүнд 20 толгой мал ноогддогоороо “Баян” орон гэж гайхагддаг. Дэлхийд ийм тооны мал ногддог улс нэгээхэн ч үгүй.

Монгол Улс энэ баялагаараа бахархаж, өргөн уудам нутагтай мал сүргийг адуулж, маллаж байгаа малчиддаа шаардлагатай үйлчилгээг хүргэхийн тулд Улсын мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан. Өнгөрсөн 2017 оны жилийн эцэст 330 суманд улсын хэмжээнд нийтдээ 988 хувийн мал эмнэлэг ажилладаг. Сум болгон Мал эмнэлэг үржлийн тасагтай. Сум бүрт 2-3 хувийн Мал эмнэлгийн байгууллага байна. Дунджаар нэг малын эмчид 40 мянган мал ноогдох ёстой ч 170 мянга гаруй мал ноогдож байна. Тиймээс малын эмчийн тоог нэмэгдүүлэх, нэг эмчид ноогдох малын тоог бууруулах нь гол асуудал юм. Тэгвэл малын эмчийн тоог нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарах вэ. ХААИС-ийг жилдээ 200 гаруй хүүхэд төгсөж байгаа. Энэ хүүхдүүдээс 330 суманд жил болгон очиж ажиллаад байхад хэдхэн жилийн дотор сумдад малын эмчийн тоо хангалттай болно.

Гэтэл хөдөө орон нутгийн хүүхдүүд 5 жил сурсан ч нутагтаа очиж ажиллах сонирхол их бага байна. Бүгд л малчин гаралтай. Гэтэл яагаад нутагтаа очиж ажиллах сонирхол буураад байна. Тиймээс малын эмч нарын нийгмийн баталгааг сайжруулах, нутагтаа очиж ажиллах боломж нөхцлийг сум орон нутгаас хангах нь чухал байна. Өмнөговь зэрэг уул уурхайтай аймгууд сум орон нутгийнхаа оюутан хүүхдүүдийнхээ төлбөрийн төлөх, гэрээ хийх зэргээр малын эмчийг бэлтгэж байна. Сум орон нутаг бүр энэ талаар өөрсдийн нөөц бололцоон дээрээ тулгуурласан ажлууд хийж, анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Манай монгол улсын хэмжээнд паразит өвчнөөр жилдээ 600 мянгаас доошгүй мал өвчилсөн тухай тайланд тусгагддаг. Нийт 32 нэрийн өвчин бүртгэгджээ. Тэр дотроос арьс шир гэмтээдэг нь 5-6 бий. Энэ өвчнийг шууд оношлох боломжгүй. Олноор өвчлөөд нүдний орчим ширхэгтээд ирвэл л сайн мэддэг. Тэгэхээр малчид өөрсдөө малаа маш сайн харж, тандаж байх хэрэгтэй.

Нэгдэл гэж байхад жилд нэг удаа бог малыг ваннд шумбуулж, заавал угаадаг байсан. Тэр үед шүршдэг технологи байгаагүй. 1966 оноос СЭВ-ийн тусламжтайгаар “Монголын малыг эрүүлжүүлэх” асуудлаар социалист орнууд нэгдэж ажилласан. 1983 онд “СЭВ-ийн шинжилгээ” гээд сургуулийн хүүхдүүдийг амралтаар нь хүч нэмэгдүүлэн хамтран ажилладаг аргачлал 1990 он хүртэл үргэлжилсэн. Тэр үед малын арьс гэмтэлгүй байсан. Харин одоо мал хувийн өмч болсноор “Би малаа угаалгана уу, байна уу. Хэнд ч хамаагүй гэх болсон”. Нөгөө талаар малаа анхаарахгүй, бэлчээрт л явж байвал болох юм шиг хандаж байна. Малын үс 1см-ээс ихгүй үед угаавал илүү үр дүнтэй. Учир нь паразит амьтад угаалгын бодис хүрэхгүй газарт очиж шигдээд, угаалга дууссаны дараа биед тархдаг учраас шүршиж өнгөрөхийг угаалга гэж тооцохгүй. Арьсны гүнд байгаа шимэгчдийг устгахын тулд намрын цагт угаалга хийх хэрэгтэй. Хот хороогоо цэвэрлэж, ариутгахгүй бол үр дүнгүй ажил болно. Өөрөө та усанд орчихоод хиртэй хувцасаа буцааж өмсөхөд ямар байх вэ. Түүнтэй л адил. Жилд 2-3 удаа угаалга, 1 ээс доошгүй хот хорооныхоо хөрзөнг ховхолсны дараа ариутгал хийж занших хэрэгтэй” гэв.

НИЙТЭЛСЭН: 2018-09-25 08:50:34