Цэцэрлэг сумын малчин эмэгтэйчүүд эсгий ширмэл урлалын сургалтад хамрагдаж байна

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол улсад хэрэгжиж буй “Ногоон Алт-Малын эрүүл мэнд төсөл”-ийн хүрээнд малчин эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхижуулах чиглэлээр эсгий ширмэл урлалыг мэргэжлийн өндөр түвшинд хийж сургах зорилготой “Эсгий ширмэл” урлалын сургалт болж байна. Эсгий урлалын сургалтын багш Ч.Эрдэнэцэцэг малчин эмэгтэйчүүдийг ширмэл олбог, машины суудлын бүрээс, гудас зэргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж аргыг зааж сургах юм. Малчин эмэгтэйчүүд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулснаар өрхийн орлогоо нэмэгдүүлж, үйлдвэрлэл эрхлэн, түүнийгээ өргөжүүлэх боломжтой болох ажээ. 

Эсгийн урлалын сургалтын багш Ч.Эрдэнэцэцэг хэлэхдээ “Хөдөөгийн малчин эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгож, эсгий урлалаар бүтээгдэхүүн хийх аргыг зааж байна. Хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийн давуу тал нь өөрсдөө дээл хувцас хийх чадвартай байдаг. Тэр ур чадвар дээр нэмэлт болгон эсгий урлалаар бүтээгдэхүүн хийж сурсанаар цаашид яаж түүнийгээ хөгжүүлэх вэ, дэлхийн зах зээлд яаж гаргах вэ гэдгийг заана. Би эсгий урлалаар бүтээгдэхүүн хийдэг болоод 3 жил гаруй болж байна. Өмнө нь чөдөр, ногт, хазаар зэрэг морины эдлэл дангаараа хийдэг байсан. Ер нь эсгий ширмэлээр амжилт олох боломжтой. Сүүлийн жилүүдэд гадаадынхан эсгий урлалыг их сонирхон худалдан авдаг болсон. Хүний биед сөрөг нөлөөгүй. Ямар нэгэн химийн нэмэлт бүтээгдэхүүн байхгүй. Чийг татахгүй зэрэг олон сайн чанарыг нь үнэлж, гадаадынхан таатай хүлээн авдаг. Ганц ширмэл, гудас гэж хязгаарлахгүй эсгий улавч, цүнх, гоёл чимэглэлийн бүтээл, тоглоом гээд юм бүрийн юм хийж болдогоороо давуу талтай” гэлээ.

Цэцэрлэг сумын VI багийн малчин н.Баасанхүү хэлэхдээ “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд энэ сургалтад хамрагдаж байна. Эсгий эдлэлээр бүтээгдэхүүн хийж сурч байна. Сайн суралцаад мэдлэгээ улам өргөжүүлж өөрийнхөө амьдралд ашиглаж, залуучууддаа зааж сургах хүсэлтэй. Биднийг зорин ирж сургалт явуулж байгаа багшдаа болон энэ сургалтыг зохион байгуулахаар санаачлан хэрэгжүүлж байгаа бүх хүнд талархаж байна" гэлээ.

НИЙТЭЛСЭН: 2018-09-13 05:40:39