Л.Элдэв-Очир: Эдийн засгийн хөшүүрэг л таван хошуу малыг зохистой хэмжээнд хүргэнэ

Монгол орны бэлчээр ашиглалтын одоогийн байдал, түүний зохицуулалт, хууль эрхзүйн орчинг сайжруулах үндэсний хэлэлцүүлэг боллоо. “Бэлчээрийн эрх зүйн орчинг сайжруулах асуудалд” сэдэвт уг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очиртой ярилцсанаа хүргэж байна.

-Бэлчээрийн тухай хууль өргөн баригдахаас өмнөх ээлжит хэлэлцүүлэг болж байна. Хууль хэзээ батлагдах бол?

-Монгол улсын хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа бэлчээрийн тухай асуудлуудыг төрийн яамд, ТББ-ууд хамтран олон талаас нь хэлэлцэж байна. Бэлчээр нь маш тулгамдсан асуудал гэдгийг бид дор бүрдээ ойлгож байгаа. 1994 оноос хойш бэлчээрийн  тухай, бэлчээрийн ашиглалт, тулгамдаж байгаа асуудлуудыг нь ярьж байна.  

Гэвч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй тул зарим нэг хуулийн зохицуулалтаар бэлчээрийн асуудлыг шийдэж ирсэн. НҮБ-ын Хөдөө аж, ахуйн байгууллага, Щвейцарын хөгжлийн агентлэг зэрэг газруудтай хамтран хийсэн судалгааны дүнг харахад  хойшлуулалгүйгээр бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй нөхцөл үүсээд байна.

Бид одоо л энэ хуулийг баталж, бэлчээр нутгаа зөв ашиглахгүй бол монгол орны бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй бүрхэг болох аюул нүүрлээд байна. Тиймээс энэ Намрын чуулганаар Засгийн газраас “Бэлчээрийн тухай хууль”-ийг өргөн барина гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ өргөн барьсан  тохиолдолд Намрын чуулганаараа амжиж хэлэлцээд баталчих боломж бий. Хэрвээ Засгийн Газраас  энэ хуулийг өргөн  барьж хэлэлцүүлэхгүй бол УИХ-ын гишүүд болон бусад хууль санаачлагч субьектүүд энэ хуулийг  өргөнө барина. Ямар ч байсан Намрын чуулганаар энэ хуулийн төсөл  ямар нэгэн хэлбэрээр хэлэлцүүлэгдэнэ.

-Малчид энэ хуулийн талаарх ойлголт янз бүр байна. Малчдад ямар ашигтай талаар мэдээлэл хэр өгч байгаа вэ?

-Малчдын хувьд нүүдлийн уламжлалт мал аж ахуй бол амьжиргааных нь гол эх үүсвэр. Тиймээс мал аж ахуйгаа цаашид урт хугацаанд тогтвортой өсгөн үржүүлэх нь маш чухал асуудал. Гол тулгамдаад асуудал нь бэлчээрийн доройтол. Бэлчээрийн доройтлыг бид малын хөлийн тоогоор хязгаарлана. Хязгаарлахын тулд эдийн засгийн хөшүүрэг болгон тодорхой хэмжээний хураамж авч эзэмшүүлж, ашиглуулах талаар яригдаж байгаа.

Гэхдээ тодорхой хэмжээний хураамж авна гэхээр малчид маань улсын төсөвт төвлөрөөд хэн нэгэн нь уг мөнгийг нь захиран зарцуулаад явчихна  гэж бодоод байна. “Бидэнд юу ноогдох юм. Бидэнд ямар ач  холбогдолтой юм” гэж байна.  Энэ хуулийн төсөлд “Малчдын  малын хөлийн тоогоор хураасан хураамжийг эргүүлээд малчид өөрсдөө захиран зарцуулах эрхийг олгож, сум орон нутгийнхаа буюу нөхөрлөл хоршооныхоо төсөвт оруулна. Тэгээд нөхөрлөл хоршоогоороо “Энэ  жил бүгдээрээ малынхаа үүлдэр угсааг сайжруулья”, “Энэ жил худаг усыг  тэдэн цэгт гаргая”. “Бэлчээрээ ингэж сэлгэе”, “Тэжэээлийн ургамал тариалья”, “Бэлчээрийнхээ доройтлыг сэргээх хэмжээнүүд авъя” гэж хэлэлцээд уг мөнгөө зарцуулна” гэж оруулсан.

Ингэснээрээ малчдад маань хураамжаар цугласан мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуулсанаар урт удаан хугацаанд мал сүргээ зөв зохистой бэлчээрт хариулах боломж бүрдүүлэх зорилготой л хууль. Энэ хуулийн хүрээнд олон саналууд гарч байгаа. Энэ болгоныг бид хэлэлцсэнээр хууль гарсны дараа олон зөрчилдөөнтэй асуудлууд маргаан дагуулахаас сэргийлж байна.

Хууль гарчихдаг. Хуулийг эсэргүүцсэн бослого тэмцэл, цуглаан гараад эхлэх юм бол яана. 100 хувь малчдын эрх ашигт таарсан  хууль батлагдана гэвэл хэцүү. Гэхдээ дийлэнх олонх буюу 80-90 хувийнх нь эрх ашгийг  хангасан, сэтгэл санаанд нь нйицсэн хууль батлах нь бидний зорилго. Хууль батлагдах ёстой. Урт хугацаанд мөрдөгдөх ёстой. Тиймээс бодлогын үүднээс ийм олон удаагийн хэлэлцүүлгүүдийг хийж байна. Энэ хууль нь шууд баталчих хууль биш. Их олон талын эрх ашгийг хангах шаардлагатай хууль.

 -Малчдын зүгээс яг юу хүсэж байна?

-Энэ бүхэнд судалгаанууд их чухал байна. Өнгөрсөн жилээс эхлэн судалгаанууд нийлээд сайн  явагдсан. Тухайлбал, өнгөрсөн жилийн “Малчдын улсын зөвлөгөөн”-д оролцогчдын 68 хувь нь “Бэлчээрийн тухай  хууль”-тай болох нь зөв юм байна. Хуулиараа  хураамжийн асуудлыг шийдье. Хураамжыг малчид нь өөрсдөө захиран зарцуулах нь зөв юм байна гэдэгт сэтгэл нэгдсэн.

Энэ оны 7-8 сард малчдаас очиж судалгаа авах ажил хийгдсэн. Малчид бэлчээрийн доройтлыг тодорхой хугацаанд сайжруулахгүй бол болохгүй нь гэж байна. Сүүлийн судалгаагаар  малчдын маань 78 хувь ийм хуультай больё гэдэгт сэтгэл нэгдсэн гэдэг нь тодорхой боллоо. Мэдээж тодорхой  хэмжээнд  эсэргүүцэх хүмүүс гарч ирнэ. Эрс эсэргүүцэж байгаа хүмүүүс ч бий.

Би саяхан хөдөөгүүр явж, 10 мянган гаруй иргэдтэй уулзлаа. Тэдэн дунд бэлчээрийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ хэлэлцүүлгийн дүнд “Ямар ч байсан бэлчээр нутгийг хэн нэгэнд өмчлүүлж болохгүй. Бэлчээр нутаг байдгаараа байх ёстой. Хэн нэгэнд  өмчлүүлээд эзэмшүүлээд төлбөр хураамж аваад эхлэх юм бол шинээр төрж өсөж өндийж байгаа малчин өрхүүд яах вэ. Тэдэнд бэлчээр худаг усаа яаж өвлүүлж, эзэмшүүлэх вэ” зэрэг маргаантай асуудлууд үүснэ гэдэгт санал нэгдсэн.

Энэ талаар эсрэг бодолтой яваа хүмүүс ч байна. Гэхдээ энэ хууль дийлэнх олонхын эрх ашиг, Монгол Улсынхаа эрх ашигт  нийцсэн хууль байх  ёстой гэдэг нь чухал.

-Хууль батлагдвал хураамжийн асуудлыг хэрхэн шийдэх бол?

-Малын хөлийн тоогоор тогтоох уу, бүс нутгаараа тогтоох уу эсвэл малчин өрхийн хүний тоонд тодорхой тооны мал байхаар тооцож, илүү гарсанд нь татвар ноогдуулах уу гээд гурван янзын хувилбар яригдаж байна. Эндээс хамгийн зөв, оновчтой хувилбар нь аль нь байхыг судалгааны үр дүнгээр шийднэ. Хуулийн хэлэлцүүлгийн явцад энэ сэдвээр нилээн тодорхой ярьж байгаа. Гол нь одоо энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барих асуудал л чухал байна.

-Судалгаагаар таван хошуу малын сүргийн бүтэц алдагдаж, хонь ямааны  тоо эрс нэмэгдэн 80 гаруй хувь нь болсон. Харин тэмээ ердөө 400 мянган ширхэг л болсон гэж байна. Таван хошуу малаа зохистой хэмжээнд байлгахын тулд бог малын тоо толгойг багасгах асуудал яригдана. Малчид малын тоог багасгана  гэхээр таагүй хүлээж авах гээд байдаг шүү дээ. Ямар ажил хийвэл зохистой вэ?

-Малын тоо толгойг бид өөрсдөө хянахад хэцүү л дээ. Гэхдээ малчид яагаад бог малаа илүү их өсгөөд байна гэхээр эдийн засгийн эргэлтэд оруулах талаа л харж байгаа. Мэдээж өрхийн орлого амьжиргаанд нь нэмэр болж байна. Сүүлийн  үед ямааны ноолуур үнэхээр үнэ хүрч байгаа ч малчид ямааныхаа тоо толгойг цөөрүүлэх нь зөв юм байна. Бэлчээрт үнэхээр халгаатай байна. Тиймээс үүлдэр угсааг нь сайжруулж, нэг ямаанаас авах ашиг шимээ сайжруулья гэсэн асуудлыг ярих болсон. Энэ бүх эдийн засгийн хөшүүргийн асуудлыг шийдэж байж л таван хошуу малын тоо толгой зөв зохистой хэмжээнд хүрнэ гэж харж байна.

 

Холбоотой мэдээ: Энд дарна уу

 

НИЙТЭЛСЭН: 2018-09-09 23:51:12