Р.Энхболд: Эхний удаад долоон аймагт “Сүлжмэлийн цех” байгуулна

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Б.Мэнджаргал. Зөвлөх Л.Ганцог, Өвөрхангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Л.Жаргалбаатар, “Монгол текстайл” компанийн захирал Р.Энхболд нар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бэлчээр ашиглагчдын холбооны үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр тус сумын Өвт, Хүйтэнбулаг багийн III болон V хэсгийн БАХ-ийн дарга гишүүдэд зориулсан сургалт мэдээлэл өгч, Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах арга хэмжээ болсон билээ.

Энэ үеэр МБАНХ-той хамтран ажилладаг “Монгол текстайл” компанийн захирал Р.Энхболд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “Нэхмэлийн үйлдвэрийн залгамж халаа болсн “Монгол текстайл” үйлдвэр маань Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдлсэн холбоо, Ногоон алт төсөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг. Бид компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд, нөгөө талаар бидний хийж байгаа бүтээгдэхүүний маань түүхий эд малын гаралтай учраас бэлчээр нутгаа хайрлан хамгаалах үйлсэд оролцох ёстой юм.

Бэлчээр нутаг гэдэг Монгол улсын хамгийн асуудалтай сэдвийн нэг. Доройтолд орчихсон бэлчээр нутгаа зүй зоаистой ашиглахгүй  бол болохгүй энэ цаг үед бид малчид та бүхэнтэй хэрхэн хамтран ажиллавал зохих вэ гэдэг нь чухал юм. Тиймээс малаа зүй зохистой өсгөн үржүүлж, бэлчээрээ сайжруулан ажиллах боломжийн талаар ярилцаж байна. Мөн хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх гэсэн төр засгийн бодлого шийдвэрийн хүрээнд хэрхэн хамтарч болох вэ гэдгийг ярьж байна.

Хамгийн чухал нэг асуудал нь хөдөөгийн малчид, хэрэглэгчид  маань чанартай сайн хувцас өмсөх тал дээр хамтран ажиллаж, нэгдсэн ойлголттой  болох зэргээр хамтран ажиллаж байна. Та бүхний халуунд халж, хүйтэнд хөрж бэлтгээд бидэнд тушаадаг ноосыг 40 гаруй дамжлагаар дамжуулан, маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтээгдэхүүн болгодог. Түүнийгээ зарж борлуулж байж эргээд та бүхнээс ноос ноолуур, түүхий эд худалдан авдаг. 

Гэтэл өнөөдөр бидэнд тулгараад байгаа хамгийн том асуудал нь  бүтээгдэхүүнийг маань худалдан  авах хэрэглэгч тун ховор болсон байна. Хятадын ямар түүхий эдээр бүтээгдсэн нь тодорхойгүй, чанаргүй хямд хувцас, орны бүтээлэг авч хэрэглээд байна. Үнэ цэнэтэй, чанартай ноосоор хийсэн бүтээгдэхүүнийг сонгон худалдан авбал та бүхэн өөрсдийгөө ч дэмжиж, биднийг ч , төрийн бодлогыг ч дэмжиж байгаа хэрэг юм.

Тиймээс та бүхэн минь Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг байгаарай. Ингэж бие биенээ дэмжиж ажиллах шаардлагатай цаг үе ирээд байна. Бид бүтээгдэхүүн хийгээд байдаг, түүнийг нь худалдан авах хүнгүй бол бид жил ирэх тусам түүхий эдээ худалдан авах чадваргүй болно. Нөгөө талдаар түүхий эдийг маань Хятадууд худалдан аваад байдаг болно.  Энэ нь нэг талаараа түүхий эдийн үнэ өсөж байгаа мэт харагдавч нөгөө талаараа үйлдвэрлэгч  нарт хүнд цохилт болж байна.

Энэ асуудал цаашид урт удаан хугацаагаар үргэлжилвэл  Арьс ширний салбар шиг болно. Арьс шир боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани ховордож бүгд л импортлогчид болон хувирч байна. Импортын савхиар хувцас хийдэг үйлдвэрүүд олон болж байна. “Монгол хонины ноос шаардлага хангахгүй” гээд байгаа ч ихэнх нь хятадуудын гарт орчихсон байна. Хятадууд ямар үнэ хэлнэ тэр үнээр л авдаг боллоо.

Бид ноос ноолуураа авч чадахгүй хятадуудад алдаад байх юм бол бид үйлдвэрээ хаагаад зогсох аюул ирнэ. Ингэж урд хөршдөө бүгдийг алдаж, тэдний түүхий эдийг бэлтгэгч улс болон хараат болохын оронд “Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” баймаар байна. Зөвхөн дотоод гэхгүй гадаад руу гаргах хэмжээнд болох ёстой. Тиймээс бэлчээрээ зүй зохистой ашиглан, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх чухал цаг үе ирээд байна. 

Нөгөө талаар малчдын орлого болон ажлын байрыг нэмэгдүүлэх талаар ярилцаад эхний удаад долоон аймагт “Сүлмэлийн цех” байгуулах зорилготой ажиллаж байна. Бид та бүхний өгсөн ноосыг утас болгоод орон нутагт илгээж, “Сүлжмэлийн цех” ажлуулаад орон нутагтаа өөрсдийн хэрэгцээг хангах  боломж байна.

Мөн сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд багтах ноосон цамцыг орон нутагтаа үйлдвэрлээд сумынхаа сургуулийн хүүхдийг хангах бүрэн боломжтой. Энэ нь өөрөө төр засгийнхаа бодлогыг дэмжсэн, улс орныхоо хөгжилд тустай, хамын ажиллагааны хүрээндээ маш том ажил болох юм. Яагаад гэвэл өнөөдөр сургуулийн хүүхдүүдийн өмсөж байгаа дүрэмт хувцас цэвэр Хятадын  зах зээлийг дэмжиж байгаа. Түүхий эд нь Хятадынх. Дүрэмт хувцсыг хотын хэдхэн компани нийлүүлж байгаа. Тэд улсын бүх сургуулийн хүүхдийг хангахуйц үйлдвэрлэл эрхлэх боломжгүй. Цэвэр  урд хөршийг дэмжиж байгаа ажил.

Та бүхний хүүхдийн дүрэмт хувцсанд төлж байгаа мөнгө Хятад руу урсаж байна гэсэн үг. Монгол шингэж  байгаа нь их бага. Эрээнээс бөөндөж авчираад Монголдоо шахдаг ийм л бизнес. Гэтэл энэ бизнесээс болоод маш олон дамжлага дамжуулан эцсийн бүтээгдэхүүн хийж, олон хүнийг цалинжуулж улсад татвар төлдөг үндэсний  үйлдвэрлэгчид хохирч байна.  Тэгвэл бидний хамтын ажиллагааны дүнд ноосон майкаа өөрсдөө хийгээд тэрийгээ сурагчид нь өмсөөд явах юм бол бие биенээ дэмжиж байгаа том ажил болно. Тиймээс энэ асуудал та бүхэн нэгдсэн нэг ойлголтттой байж, үндэснийхээ үйлдвэрүүдээ дэмжих аянд нэгдмээр байна.

Нөгөө талаар Нарантуул зах болон өөр газруудад үндэсний хээтэй сүлжмэл цамц зараад байдаг. Түүнийг манай хөдөө орон нутгийн иргэд ихээр өмссөн харагддаг. Утас нь мөн л хятад. Тиймээс тэр хувцсыг сонгохдоо хаана ямар компанид үйлдвэрлэсэн, ямар утсаар хийсэн гэдгийг нь анхаарч судалж байж худалдан авалт хийгээрэй. Үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжсэнээр эргээд малчдын амьдралд тустайгаар ажлаа хийгдэнэ. Манай компани  та бүхнээс  авсан түүхий эдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийхэд хамтрахаар МБАНХ-той гэрээтэй ажиллаж байгаа юм шүү” гэлээ.

Түүний энэхүү мэдээллийн дараа МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Малчдын гар дээрэсэ авсан ноосыг яаж үнэ цэнэтэй болгох вэ,  малчидтай хамтарч ажиллах ямар боломж байна”  гэдгийг  бид  ярилцаж байна. Одоогоор Өвөрхангай аймгийн Уянга суманд “Нэхмэлийн цех”-ийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. “Өөрсдийнхөө түүхий эдийг үнэтэй болгоё” гэвэл үндэснийхээ  үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахаас эхлээд орон нутагтаа өөрсдийн хонины ноосон утсаар хувцсаа хийдэг болчихвол орон нутаг хөгжинө гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үндэснийхээ үйлдвэрлэгч нарыг дэмжихгүй бол урд хөршин хараат болно.  Тухайлбал, өнөөдөр нэхий үнэгүй  болчихлоо. Өмнө нв 8-10 мянга хүрч байсан. Бид өнөөдөр ноосны салбараа тоохгүй бол нэг кг ноос 500 төгрөгийн ч үнэ хүрэхгүй болох өдөр ирнэ. Тиймээс аль болохоор өнөөдрийн 1000 төгрөгийн  зөрүүг харалгүй, үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжиж, эргээд үндэсний  үйлдвэрлэгчид нь малчдаа дэмжих бодлого нь энэхүү хамтын ажиллагааны үр дүн болох юм” хэмээн онцолсон билээ.

НИЙТЭЛСЭН: 2018-08-27 09:24:27