Т.Баярсайхан: Бидэнд хамгийн сайн түүхий эдийг өг, хангалттай өндөр үнээр худалдаж авья

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо,  Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Швейцарийн Хөгжлийн агентлагийн Ногоон алт- Малын эрүүл мэнд төсөл хамтран “Эрүүл бэлчээрийн төлөө 10 жил хамтдаа” уриатай зөвөлгөөнийг Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгууллаа."Монгол Сарлаг 2018” фестивалийн үеэр зохион байгуулсан тус зөвлөгөөнд 18 аймгийн 186 суманд 63 мянган малчин өрхийн төлөөлөл оролцсон юм. Зөвлөгөөний үеэр Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Монгол Улсын зөвлөх инженер, МАШҮХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн С.Даваажаргал нар мэдээлэл өгсөн юм.

Т.Баярсайхан: “Юуны өмнө хэлэх үг бол малчид та бүхэн бидэнд хамгийн сайн түүхий эдийг өг. Бид хямд үнээр авахгүй гэдгийг амлая. Шинэ жинстийн  цагаан ямааны ноолуур 1 кг нь 120 мянга хүрсэн. Дорнодод цагаан ямааны ноолуур  120 мянга хүрсэн.  Бүтээгдэхүүн чанартай бол 200 мянган төгрөг болгох боломж ч бидэнд байгаа. 

Арьс ширний хувьд ноос авахаас өөр чанар, хадгалалтын асуудал үүсдэг. Ноос ноолуурыг самнаад авчихдаг бол бид тухайн малыг нядалсаны дараа арьсыг нь авч ашигладаг. Энэ үед нядалгааны үеийн гэмтэл  их гардаг. Дээр нь малыг амьд байхад үүссэн празитын гэмтэл арьсан дээр нь тамга дарчихдаг учраас маш их хүндрэл үүсгэдэг. Тээвэрлэлтийн гэмтэл үүснэ. Энэ бүхэн түүхий эдийн хангалтад асуудал үүсгэж байна.

Бид та бүхний малын арьс ширийг үнэтэй байна гэхгүй чанартай л түүхий эд өгөөд байвал хангалттай өндөр үнээр худалдаж авна гэдгээ дахин хэлмээр байна. Дашрамд хэлэхэд, хувийн хэрэглээндээ арьс ширээ бэлтгээд байж болно. Харин томоохон үйлдвэрлэл эрхлэх хэрэггүй шүү. Арьс ширний үйлдвэрлэл гэдэг цус нь гоожиж байгаа уургийн бүтээгдэхүүнийг материал болгодог учраас нарийн мэргэжил шаарддаг, эрдэм шинжилгээний  байгууллагатай хамтран хийдэг ажил юм шүү.

Монголчууд анх Хиагтын булигаарын заводод анх арьс ширийг оросуудтай хамтран боловсруулж байсан. Дараа нь 1934 оноос үйлдвэрлэл байгуулж, 1990 оны эхэн үе хүртэл жилдээ 1сая ширхэг гутал үйлдвэрлэж байсан түүхтэй. ЗХУ болон бусад улс оронд жилдээ 200 мянган ширхэг нэхий дээл нийлүүлдэг байсан. Гэвч хоёр нийгмийн зааг дээрээс томоохон үйлдвэрүүд устаж, 13 мянган ажилтан албан хаагч ажилладаг арьс ширний томоохон үйлдвэрүүдийн дийлэнх нь хаалгаа барьсан.

Өнөөдрийн арьс ширний үйлдвэрлэлд ажиллагсад гол ус бохирдуулдагаа дуудуулаад явж байгаа ч энэ салбартаа хэрэгтэй тодорхой ажлуудыг хийж явна. 2003 он хүртэл Замын-Үүдээр түүхий эдээ гаргадаг улс болж, энэ хугацаанд мал эмнэлгийн бодлого алдагдсан. Мал эмнэлэг үржлийн бодлого алдагдсанаар маш олон мал үүлдэрлэг биш болсон. Үйлдвэрүүд хаалгаа барьсанаар боловсон хүчингүй болсон ч эрдэм шинжилгээний байгууллагуудтайгаа хамтран тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр арьс ширээ хагас боловсруулж байна.

Одоо бид жилдээ 22 сая ширхэг арьс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэртэй, нийт арьсныхаа 50 орчим хувийг худалдан авч чаддаг болсон. Бусад арьсыг Хятадын ченжүүд худалдан авч байгаа. Бид жилдээ 200 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экслортлож байна.

Бид дотоодын цэрэг цагдаа, хүчний байгууллагуудын 50 мянга гаруй хувцас, 10 мянга гаруй савхин хувцас хийж байна. Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчийг  бүх аймгуудад бий болголоо. 2010 оноос хойш 700 гаруй бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, албажуулж үнэмлэх олгоод байна. Энэ ажлыг бид 2013 онд гарсан УИХ-ын 74 дүгээр тогтоолын дагуу Монголын арьс ширний үйлвдэрлэлийн холбоо үүрэг хүлээн малчдад өнөөдрийг хүртэл урамшуулал олгож байна.  

“Нэг үхрийн ширийг 1 сая төгрөг болгож болно”

Бидэнд экспортыг нэмэгдүүлэх маш том боломж байгаа. Монгол Улс жилд 20-30 тонн  нүүрс экспортлодог. Тэгвэл  жилд хэдэн ширхэг үхэр нядалдаг вэ. Ойролцоогоор 500 мянга. 2017 оны статистикаар 14 сая мал нядалсан гэсэн тоо бий. Үүнээс 500 мянган ширхэг үхрийн ширийг хагас боловсруулж, нийт талбайн 50 хувь нь гэмтсэн арьсыг Европын зах зээлд 30 ам. доллараар зарж байна.

Бидний хэлээд байгаа арьсны гэмтэл, зүсэлт, өвчин, гуурны гэмтэлгүй   болчихвол, малчид стандартын дагуу тогтоосон цаг хугацаандаа малаа ариутгал, халдваргүйтгэлд оруулдаг болчихвол үйлдвэрлэгчид илүү их сайжирна. Хамгийн харамсалтай нь бид малын арьс шир гэдэг үнэт түүхий эдийг Азэрэглэлд хүрэх үү, үгүй юу гэдгийг хагас боловсруулалт хийсний дараа л ялгалт хийдэг.

Монгол хүний ажилд хандаж байгаа хандлага зөв болчихвол 50 ам доллараар зарж болно. 500 мянган үхрийн ширээ экспортлоход 500 мянган тонн  нүүрс гаргасантай адил мөнгийг Монголдоо оруулж ирэх бүрэн боломжтой. Цаана нь 250-300 мянган адууны арьс, 3000 мянган гаруй ямааны арьс, хонины арьс байгаа. Гэтэл бид өнөөдөр 200 төгрөгөөр үнэлээд хог болгоод байна. Зөв хандлага байхгүй учраас хонины, ямааны арьсаа зүгээр л хаяад байна.

Яагаад гэвэл бид боломжийг алдаад байна. Нэг үхрийн ширийг 1 сая төгрөг болгож болно. Дөрвөн цүнх хийгээд 250 мянган төгрөгөөр зарахад л болно. Тэгвэл 500 мянган ширхэг үхрийн ширийг цүнх болгоод зарахад 500 тэрбум төгрөгт хүрнэ. Бид зөвхөн үхрийн арьснаас л энэ боломжийг бий болгож чадна. Өнөөдөр манайхан адууны  дэл сүүлийг даавуунд боогоод Эрээн рүү л гаргаж байна. Гэтэл гоо сайхны багс зэргийг хийж болно.

Энэ боломжуудыг бодит зүйл болгох хүн нь малчид та бүхэн. Энд ирсэн та бүхэн минь нутагтаа очиж түүхий эдийнхээ чанарыг сайжруулахад анхаарал хандуулж ажиллаач ээ гэж хүсэж байна. Түүхий эдийн чанар сайн бол хонины,  ямааны арьсаа зүгээр хаяхгүй. Хүмүүс миний хийсэн нэхий дээл үнэтэй гэдэг. Гэтэл би 1000 ширхэг хонины нэхий худалдаж аваад  тэр дотроос нь 100 ширхэгийг нь л авдаг. 900 ширхэг нь боловсруулсныхаа дараа хаягддаг.

Боловсруулахдаа татвар, даатгал, цалин хөлс, цахилгаан, уур ус зэрэг өртөгөө оруулдаг. Гэтэл арьс маань гэмтэлтэй гараад ирэхээр хэрэггүй хог болдог. Тиймээс боловсруулахад гарсан алдагдалаа нөхөхөөс өөр аргагүй байна. Энэ бүхэн өнөөдөр түүхий эдийн бэлтгэл, төрийн уялдаа холбоогүйгээс болж байна. Тиймээс бүгдээрээ хамтраад энэ асуудлыг шийдье. Та бүхэн малчдын төлөөлөл болсон байгууллага учраас цаашдаа илүү их хамтраж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

С.Даваажаргал:  Бидний амьдрал, ашиг орлого малаас үүсэлтэй

Монгол Улсын зөвлөх инженер, МАШҮХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн 

Арьс ширний холбооныхон бид орон нутгуудаар явж, малчдад зориулсан сургалт мэдээлэл өгдөг хамгийн чухал сэдэв нь арьс ширийг хэрхэн чанартай түүхий эд болгох тухйа юм. Арьс шир гэдэг тухайн малын амьд ахуй цагт нь бүрхүүл, харин нядалсаны дараа үлйдвэрийн үнэт түүхий эд болдог. Үсэн бүрхүүлтэй нь боловсруулбал нэхий, үсэн бүрхүүлийг нь авчихвал арьс ширэн бүтээгдэхүүний түүхий эд болно.

Хамгийн гол нь чанарын хамгаалалт хийж стандартыг мөрдөж байгаач ээ гэдгийг хэлмээр байна. Малыг нядалсаны дараа арьс  ширэн түүхий эдтэй хамт байгаа чих эвэр туурай сүүл, өөх махны үлдэгдэл, цус, сэвс зэргийг авч цэвэрлэх зэрэг ялзарч гэмтэхээс урьдчилан сэргийлэн хийж байгаа ажлууд нь чанарын хамгаалалтад орно.

Чанарын хамгаалалтыг хийх давс цацах, давсны уусмалд дүрж хадгалах арга байна. Мөн хатаах арга бий. Хатаах арга нь чанарын хамгаалалтын хамгийн муу нь юм. Яагаад гэвэл арьс ширэн бүтээгдхүүнийг үйлдвэрт аваачиж боловсруулахын тулд анх ямар чийгтэй байсан тэр болтол нь дэвтээсний дараа үйлдвэрлэлд ашигладаг. Гэвч энгийн хатаасан арьс бүрэн гүйцэт дэвтдэггүй. Дулааны улиралд давслах болон давстай нойтон усанд дүрэх аргыг голдуу хэрэглээрэй. Өвлийн цагт хөлдөөх арга байгаа. Хөлдөөхдөө зөв нугалж хөлдөөлгүй буруу эвхвэл үнэ ханшийг нь бууруулдаг гэдгийг битгий мартаарай.

Боловсруулсан арьсыг 6 зэрэглэлд хуваадаг  А зэрэглэл нь хамгийн дээд зэргийн арьс. Манай улсад нийт боловсруулсан арьсны 3 орчим хувь нь л чанар сайтай, гэмтэл багатай, ашигтай талбайтай арьс гарч ирдэг. Ийм арьсыг бид хагас боловсруулаад олон улсын түвшинд нэг ширхэгийг нь 50 ам.доллар орчмоор борлуулдаг. Дараагийн В зэрэглэлийн 45 ам доллар хүрдэг. Энэ нь нийт боловсруулж байгаа арьсны 7 орчим хувьд л таардаг. Бидний хамгийн их экспортлож байгаа арьс нь С зэрэг буюу энэ нь 25 орчим  хувийг эзэлж 30 ам. доллараар худалдаалж байгаа.

Арьсны чанар муу бол үнэ нь буугаад л байна. Манай арьсны дийлэнх сорт нь С, D  зэрэглэл байдаг. Энэ нь түүхий эдийн нядалгааны үеийн гэмтлүүдээс үүдэн зэрэглэл буурч байгаа юм. Арьс ширэн түүхий эдэд тохиолдож байгаа гол гэмтлүүдийг дурьдвал гуурны гэмтэл нүх үүсгэдэг. Эсгэлтийн гэмтэл ихэнх нь цоолчихдог. Сарлагийн хөөврийг авахдаа самны мөрөөр арьсыг нь маажчихдаг. Үсээ авахдаа үзүүртэй самаар маажаад байна уу, буруу самнаад байна уу гэдгээ сайн анзаарах хэрэгтэй.

Говийн аймгуудаас  ирсэн арьсанд шивээний гэмтэл ихтэй байна. Хонины арьс хачигны гэмтэлтэй, мөн хонины арьсанд өлөн гэдсийг нь боосноос халууны улиралд мууддаг. Чанарын хамгалалт муутай арьс, цаад талын хөрс нь хамт алга болчихдог. Адууны арьсны 60-70 хувьд ямар нэгэн байдлаар цооролттой, эсгэлтийн гэмтэлтэй байна. Тэмээний хүзүүний арьс боловсруулаад гаргаад ирэхэд эсгэлтийн гэмтэлтэй байдаг.

Малчид та бүхэн маань малаа сайн арчилж, угаалга тарилгыг нь цагт нь хийлгээд байвал  арьс үс нь ямар нэгэн өвчлөлгүй чанартай байна. Малаа нядлахдаа арьсан дээр нь өвчихгүй тусгай бандан ашиглаж сурах хэрэгтэй байна. Өвчлөө гэхэд эсгэж цоололгүй эвдэхэд анхаараарай. Сүүлийн жилүүдэд бог малын шийр, эвэр туурайг авахгүй болсон байна. Бүгдийг нь авах ёстой. Дулаан цагт 2 цагийн дотор л чанарын хамгаалалт хийхгүй бол түүхий эд маань ялзраад эхэлдэг. Бидний амьдрал, ашиг орлого малаас үүсэлтэй, эхлэлтэй гэдгийг битгий мартаарай гэдгийг дахин хэлэхийг хүсч байна” гэлээ.   

НИЙТЭЛСЭН: 2018-08-01 11:20:45