Н.Ёндонсамбуу: Байгальд хамгийн ээлтэй амьдардаг амьтан бол САРЛАГ

 

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт эрт дээр үеэс нутагшин амьдарч ирсэн сарлаг хэмээх сүрлэг сайхан амьтны үнэт түүхий эдийг олон нийтэд сурталчилах, малчид, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Монгол Сарлаг 2018” наадам энэ сарын 20-нд Хөвсгөл аймгийн  Хатгал суманд зохион байгуулагдлаа.

Дөрөв дэх жилдээ зохиогдсон энэхүү наадмыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо /МБАНХ/, Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо хамтран зохион байгуулсан юм. Тус наадамд МБАНХ, Швейцарийн хөгжлийн агентлаг “Ногоон алт- Малын эрүүл мэнд” төслийн хамт олон, ХХАХҮЯ-ны төлөөлөл, “Жинст Мөрөн”, “Сноу Фийлдс”, “Алтай кашмер”, “Монгол Текстайл” зэрэг үндэсний үйлвэрлэгчид, 18 аймгийн болон Хөвсгөл аймгийн 11 сумын малчид, гадаад дотоодын олон жуулчид, иргэд оролцсон юм.

Наадмын нээлтийн ажиллагаанд МБАНХ-ын гүйцэтгэх захирал Н. Ганхуяг, ХАБАХ-ны тэргүүн Г.Энхболд, Хатгал тосгоны захирагч н.Ганбаатар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУ-ын зөвлөх инженер доктор, профессор Г.Надмид, Хөвсгөл аймгийн харъяат Ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, Арьс ширний холбооны гүйцэтгэх захирал н.Баярсайхан, Хөдөө аж ахуйн нэмүү өртөг төслийн зохицуулагч н.Энхжаргал нар байв.

Наадмын нээлт “Сарлагийн магтаал”-аар эхэлж, 18 аймгийн төлөөлөл, дотоодын үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнийхээ дээжээс танилцуулах хүндэтгэлийн парад болсон юм. Түүний дараа үзэгч олонд бөө мөргөлийн бүжиг, монгол ардын бүжиг, дуу хуурын аялгуугаар нээлтийн ёслолыг үргэлжлүүлсэн билээ.

Энэ үеэр хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа,  Хөвчийн сарлаг парад, Сүүтэй сарлагийн тэмцээн, Сарлаг бугуйлдах, булигуулах тэмцээнийг зохион байгуулсан юм. Мөн сарлагийн мах ашигласан Хоолны шоуг зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгчид сарлагийн хөөвөр ноолуураар хийсэн загвараа танилцуулсан юм. Тус наадамд хүрэлцэн ирсэн зочдод зориулсан сугалаа явуулж, азтануудад зэс, мөнгөн аяга бэлэглэж, супер шагналд мотоцикл бэлэглэсэн юм.

Тус наадмыг зохион байгуулагч МБАНХ, Хөвсгөл аймгийн БАХ болон холбогдох албаныхантай цөөн хором ярилцсанаа хүргэж байна..

Н.Ганхуяг: Бэлчээр нутгаа хайрлан хамгаалах үйлсэд олон нийтийн анхаарлыг  хандуулах нь бидний зорилго

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал

Манай улсын бэлчээрийн даац 20-24  сая малыг бэлчээх хүчин чадалтай. Даацаасаа  гурав дахин хэтэрсэн малтай. Үүнээсээ болж бэлчээр доройтож байна. Тиймээс энэ бэлчээр нутгаа, байгаль орчноо хайрлан хамгаалах чиглэлд малчдын болон олон нийтийн анхаарлыг хандуулах хэрэгтэй болсон.

Бид энэ чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Малчдын чуулга, зөвөлгөөнийг зохион байгууллаа. Томоохон өдөрлөгүүдийг зохион байгуулж байна. Тухайлбал, Сарлагийн наадам. Нүүдэлчин малчдын нэг өдөр гээд уламжлалт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Ингэснээр бэлчээр нутгаа хайрлан хамгаалах сэтгэл төрнө. Малчдын малын түүхий эд бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын жуулчдад сонирхолтой байдлаар хүргэж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хүмүүсийн анхаарлыг хандуулж явна. Энэ маань ч амжилттай болж байна. Бидний зорьж яваа ажил “Ногоон  алт” хөдөлгөөн болж өрнөөд 18 аймгийн 160 гаруй суманд бэлчээрийн холбоод байгуулагдаад тогтвортой үйл ажиллагаа явагддаг боллоо.   

Тухайлбал, Сарлаг наадам анх сумын хэмжээнд зохиогдож байсан бол аймгийн, одоо бүр улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. “Монгол Сарлаг” наадмыг зохион байгуулсанаар сарлагийн гаралтай бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлж байна. Сарлаг, тэмээ гэдэг мал байгаль орчинд ээлтэй. Бусад малын бэлчээрийг булаацалддаггүй. Өндөр ууланд, говь цөлд бэлчээрлэдэг амьтад.

Тэднээс гарч байгаа түүхий эдийг олон улсад сурталчилахад түүхийг нь их сонирхож байна. Энэ түүхийг олон нийтэд хүргэхийн тулд Сарлаг наадмыг зохион байгуулсан. Олон улсад манай сарлагийн түүхйи эдээр хийсэн бүтээгдэхүүнүүүд гараад эхэлчихлээ. Тухайлбал, Германы Green show room, Английн Tengrey  компаниуд маш ихээр сурталчилж байна. Энэ утгаараа малын гаралтай бүтээгдэхүүн олон улсад гараад эхэлсэн гэсэн үг.

 

Г.Энхболд: “Монгол Сарлаг” наадмыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно

Хөвсгөл аймгийн БАХ-ны тэргүүн

Сарлаг фестиваль нь сарлагийн үр шимийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, орон нутагтаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилгоор зохиогдсоноороо онцлог наадам юм. Энд нутаг нутгийн сарлаг үржүүлэгч нар туршлага солилцож байна. Үндэсний үйлдвэрлэгчид загварынхаа чиг хандлагыг сонирхуулж байна. Өнгөрсөн жилээс өнөө жил ямар бүтээгдэхүүн шинээр хийсэн бэ гэдгээ харууллаа. Сарлаг фестивалийнхаа өмнөх өдөр бид малчид түүхий элд бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байна, юу мэдэх хэрэгтэй вэ гэдэг мэдээллийг өгсөн.  Энэ мэдээллийг бүх 18 аймгийнхаа болон орон нутгийнхаа малчдад өгч, сургалт явууллаа. Шинжлэх ухааны  байгууллагуудтай хамтран мэдээлэл өгч, туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулсанаараа онцлог болж байна.  

 

Г.Ёндонсамбуу: Байгальд хамгийн ээлтэй, хамгийн зүй зохистой амьдардаг амьтан бол  САРЛАГ

Ноос ноолуурын холбооны дэд тэргүүн

Өнөөдөр Монголд сарлаг үржүүлэгчдийн 4 дүгээр фестиваль болж байна. Энэхүү фестивалийн агуулга, ач холбогдол нь нийгэм эдийн засгийн хувьд их өндөр юм. Яагаад гэвэл манай Монгол орны нийт бэлчээрийн 70 шахам хувь нь доройтолд орсон. Энэ үед байгальд хамгийн ээлтэй, хамгийн зүй зохистой амьдардаг амьтан бол  сарлаг юм. Тиймээс  сарлаг малыг өсгөн үржүүлэх нь малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа ч гэсэн нөгөө талдаа цөлжилтийн эсрэг тэмцэхэд  асар сайн нөлөөтэй арга хэмжээ юм.

Иймд төр засгаас болон олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслийн үр дүнд  сарлагийг өсгөн үржүүлэх, бэлчээрээ зүй зохистой ашиглах цөлжилтөө багасгах, малчдын ахуй амьдралыг дээшлүүлэх олон талт үйл ажиллага явуулж байна. Үүний үр дүнд жил бүрийн  фестиваль, сургалт семинар, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болсон нь нэн сайшаалтай байна. Энэ асуудалд төр засгийн зүгээс илүү их анхаарч ажиллаасай гэж хүсдэг.

Гэхдээ бид их амжилт олж байгаа. Яагаад гэвэл манай үйлдвэрлэгчид энэ ажилд идэвхитэй оролцож байна. Малчдынхаа  ахуй амьдралыг дээшлүүлэхэд байгаа бололцоогоороо тусалж дэмжиж ажилладаг. Сарлагаа сайн өсгөж байгаа, сайн хөөвөр тушааж байгаа малчдыг урамшуулж байна. Энэ  жил сарлагийн хөөврийн үнэ урьд өмнө байгаагүйгээрээ нэмэгдлээ. Ноолуурын үнэ, тэмээний ноосны үнэ нэмэгдлээ. Энэ бүхэн нь МБАНХ-ны авч хэрэгжүүлж байгаа зөв бодлого, малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүн гэж би хэлнэ.

Цаашдаа ч бид сарлагаа өсгөх, тэмээгээ өсгөхөд анхаарч үйлдвэрлэгчид ч олон талт үйл ажиллагаа явуулна. Сарлагийнхаа хөөвөр, тэмээний хөөврийг дэлхийн  зах дээлд гаргахад урьд өмнөхөөсөө илүү ахиц гарган гэж ажиллана. Малчид ч урамшууллаа сайн авч байгаа. Ер нь бид хэлдэг л дээ. “Малчид та бүхэн сайн түүхий эд бэлтгэ. Бид үнэ хайрлахгүй” гэдгээ энэ удаагийн уулзалт зөвлөгөөнөөр ч хэллээ. Сайн чанартай түүхий эд бэлтгэн нийлүүлэх нь олон зүйлээс шалтгаалдаг.

Энэ бол тогтвортой хөгжил гэж яригддаг зүйл. Тогтвортой хөгжил гэдэг тогтвортой тогтолцооноос бий болдог. Тогтолцоо бий болоогүй байхад тогтвортой хөгжил яригдахгүй. Тиймээс энэ мал аж ахуйн салбар маань нийгэм эдийн засгийн бүх хүрээг хамарсан салбар. Хүн эмнэлгийн тогтолцоо, мал эмнэлгийн тогтолцоо, ариун цэвэр эрүүл ахуйн тогтолцоо, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо зэрэг олон зүйлээс хамаарч, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил бий болно.

 

Г.Надмид: Эрүүл, экологийн бүтээгдэхүүнийг олон улсад гаргахад юу шаардлагатайг малчид мэддэг болсон байна

Шинжлэх ухаан технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУ-ын зөвлөх инженер

Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгуулагдаж байгаа Сарлагийн фестивальд манай Шинжлэх ухаан технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судлаачид шинжээчид эрдэмтэд оролцож байна. Бид анх зохиогдсон цагаас нь эхлэн хамтран оролцож ирлээ. Энэ наадмын онцлог нь өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, ирээдүйд юу хийх хэрэгтэй байгаа вэ гэдгийг ярьдагт оршдог.  

Малчид их идэвхитэй болсон банйа. Бид малын үс ноос, түүхий эдээр бүтээгдэхүүн хийдэг хүмүүс. Тэгэхээр малчны хотноос бүхий л үйл ажиллагааны нарийн  технологи эхлэн өрнөдөг. Тиймээс эрүүл, экологийн шаардлага хангасан бүтээгдэхүүн олон улсад гаргахад юу шаардлагатай вэ гэсэн үзүүлэлтийг малчид мэдсэн  байна. Энэ тал дээр МБАНХ,  Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хүрээнд малчидтай тулж ажиллаж байгаа нь мэдрэгдэж байна.  

Өнгөрсөн оны Сарлагийн  фестивалиас хойш манай хүрээлэнгийн хамт олон борлонгийн ноолуур, торомны ноос ноолуур, ургамлын био  бэлдмэлээр бүтээгдэхүүн боловсруулах зэрэг олон ажил хийлээ. Бид жил бүр сарлагийн фестивалийн үеэр ШУ технологийн ололт амжилтаар ноолууртай эн жишихүйц бүтээгдэхүүн хийх талаар мэдээлэл өгдөг.

Сарлагийн зөөлөн ширхэгт хөөвөрийг нь аваад бүтээгдэхүүн хийж үнэ хүргэх нь том ажил. Анх биднийг судалгаа хийж эхэлж байхад 140 төгрөгийн үнэтэй байсан сарлагийн хөөвөр  өнөөдөр 27-28 мянган төгрөгт хүрнэ гэдэг судалгаанд суурилсан үйлдвэрлэгч, орон нутгийн иргэд, МБАНХ, Ногоон алт  төслийн хамтын ажлын үр дүн юм. Цаашид хийх ажил их байна.

Тухайлбал, сарлагийн хөөврийн ноолуурыг нь ашиглаж бүтээгдэхүүн хийдэг ч  сахлаг үс нь зүгээр үлдээд байна. Энэ сахлаг үсийг үйлдвэрлэлийн технологиор боловсруулахад ч дамжлагийн хаягдал болж үлдэнэ. Малчны  хашаандаа ч хог болон үлдэж байнэ. Тиймээс энэ сахлаг үсээр нь юу хийвэл болох вэ гэдгийг судалж байгаа. Дээх нь үед монголчууд сум багтаа өрхийн үйлдвэрлэгчид байсан. Тиймээс малчид өөрсдөө юу хийж болохыг манай эрдэм шинжилгээний ажилчид судалж байна.

НИЙТЭЛСЭН: 2018-07-29 18:54:19