Доктор У.Тунгалаг:Бэлчээр эзэнгүйдэх буюу шинжлэх ухааны хэлээрээ “нээлттэй, хэний ч биш” систем бий болж үнэт нөөц доройтож байна

Монгол Улс нийт нутгийн 80 шахам хувийг эзэлсэн бэлчээртэй, нүүдлийн мал аж ахуйд суурилсан хөдөө аж ахуйн орон. Гэвч өнөөг хүртэл бэлчээрийн асуудлыг зохицуулсан нэгдсэн хуульгүй, ХАА-н салбарын төрийн төв байгууллага дотроо бэлчээрийн асуудлыг тусад нь эрхэлдэг бүтэцгүй байгаа нь гадна дотны судлаачдын анхаарлыг татаж, гайхашралыг төрүүлдэг. Улс орны эдийн засгийн тулгуур багана болсон мал аж ахуйн салбар бэлчээр ашиглалтын хуульгүй байна гэдэг эмгэнэл гэж хэлэх хүмүүс ч бий. Харин сүүлийн жилүүдэд Монгол орны бэлчээрийн доройтол, түүнийг малчид хэрхэн зүй зохистой бууруулах, мөн төрийн бодлого шийдвэрээр яаж дэмжих тухай Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо идэвхи санаачилгатай ажиллаж байна. Бэлчээрийн тухай хуультай болох хэрэгцээ, шаардлага, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг бусад улс орнууд бэлчээрийн асуудлыг эрх зүйн хувьд хэрхэн зохицуулсан талаар доктор Уламбаярын Тунгалагтай ярилцлаа. Тэрээр “Саруул хөдөө” байгаль орчны байгууллагад судалгаа эрхэлсэн захирлаар ажиллаж байна. Москвагийн Улсын Их Сургууль, Японы Олон Улсын Их Сургууль, Америкийн Нэгдсэн Улсын Колорадогийн Улсын Их Сургуулийг тус тус төгссөн, тал хээрийн экосистемийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Түүний докторын судалгаа нь Монгол Улсад нутгийн иргэдэд түшиглэсэн бэлчээрийн менежментийн нийгмийн үр дүнг тодорхойлж, нөлөө бүхий хүчин зүйлүүдийг статистикийн аргаар тогтоосноороо ач холбогдолтой болж, Колорадогийн Их Сургуулийн Варнерийн нэрэмжит Байгалийн Нөөцийн Сургуулийн Шилдэг диссертацийн шагнал хүртжээ.

 

-Нүүдлийн соёл иргэншилтэй манай орон бэлчээрийн тухай хуульгүй байгаа. Мэргэжлийн судлаач эрдэмтний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Монгол Улс бэлчээрийн тухай эрх зүйн зохицуулалтай болох нэн тулгамдсан шаардлага байгаа.Үүнд энэ асуудлыг эрхэлсэн төрийн төв байгууллагаас эхлээд бэлчээр ашиглагч малчин хүртэл олон талуудын оролцоо,идэвхитэй хамтын ажиллагаа, нэгдмэл зорилго хэрэгтэй. Олон улсын жишгээр бол иймэрхүү зохицуулалт эдэлбэрийн багц эрхийн тухай зарчмаар явдаг. Харин манайд энэ талын ойлголт харьцангуй шинэ болохоор товч тайлбар өгье.Багц эрх нь зөвхөн бэлчээр гэлтгүй ой, ан амьтад, ус ургамал зэрэг бүх байгалийн нөөцөд хамаатай. Багц эдэлбэрийн эрх ньгурван үндсэн субъектэд байдаг нь төр, хувийн хэвшил, нутгийн иргэд юм. Нөгөө талааснөөцийн эдэлбэрийн таван төрлийн эрх байна. Үүнд, нөөцөд нэвтрэх, нөөцөөс авах, нөөцийн менежмент хийх, нөөцрүү бусдыг оруулахгүй байх, нөөцийг захиран зарцуулах эрх ордог. Тэхээр энэ бүх эрх нь төр болон хувийн хэвшил гэсэн хоёр субьектэд бүгд байдаг. Харин нутгийн иргэдийн хувьд сүүлийн хоёр эрх буюу бусдыг оруулахгүй байх, захиран зарцуулах эрх байхгүй байх нь түгээмэл. Манай улсын хувьд бэлчээрийн зохицуулалт яагаад хэрэгтэй байна вэ гэхээр дээрх таван эрхийг гартаа барьж буй төрийн ажил олигтой явагдахгүй байгаагаас бэлчээр эзэнгүйдэх буюу шинжлэх ухааны хэлээрээ “нээлттэй, хэний ч биш” систем бий болж үнэт нөөц доройтоод байгаа явдал юм. Иймд нэг талдаа төрийн менежент сайжрах, нөгөө талдаа нутгийн иргэдэд эдгээр таван эрхээс ядаж дөрөв нь өгөгдөж байж тэд нэгдэж бэлчээрээ хамгаалах, бэлчээртээ хөрөнгө оруулалт хийх хөшүүрэг бий болох ёстой юм л даа. Гэхдээ одоо ч гэсэн бэлчээрийн де-факто менежментийг малчин өрхүүд хийж байгаа ч ямар нэг институцийн зохион байгуулалтад оролгүй, нэгдмэл үүрэг хариуцлага хүлээхгүй, ганц нэгээрээ аль чадахаараа бэлчээрийн нөөцөөс ашиг хүртэх хэлбэрээр явж байгаад гол асуудал байна. Өөрөөр хэлбэл ямар ч институцигүй байна. Уул нь бол малаа бэлчээртээ тааруулан аж ахуйгаа эрхэлдэг уламжлалт институцүүд манайд шинэ зүйл биш боловч мал нийгэмчлэгдэж, нэгдэл бүх МАА-н менежментийг хийх болсон жилүүдээс энэ уламжлалыг мэдэхгүй малчдын бүхэл бүтэн үе бий болсон, нөгөө талаас чөлөөт зах зээлийн эдийн засгийн ашгийн төлөөх эрмэлзлэл манай уламжлалт ёс зүйг үнэгүйдүүлсэн, төрийн менежмент ихээхэн суларсан зэрэг олон хүчин зүйлээс өнөөдөр бэлчээрийн доройтлын асуудал хурцадмал байдалд ороод байна. Одоогийн байдлаар малчид нутгаараа чөлөөтэй нэвтэрч зорчих, малаа бэлчээх, өвс хадлан авах, менежмент хийх буюу бэлчээр сэлгэн нүүх, нөөцлөх зэрэг эхний гурван эрх байгаа ч нутагтаа хэзээ хэнийг хэдий хугацаагаар оруулах, оруулахгүйг шийдэх эрх байхгүй байна. Мөн өөрийнхөө үе уламжлан нутаглаж буй газар, бэлчээрээ үр удамдаа дамжуулж үлдээх зүй ёсны эрхгүй байгаа. Ийм чухал зүйлүүд зохицуулагдаагүйгээс “хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа идэх” зарчим үйлчилж, туурайн зуд гэх мэтийн үзэгдэл их гардаг болоод байна.

Монголчуудын түүхэн уламжлалыг харахадбүүр Чингис хааны цаазын бичигт мал бэлчээх нутгийг тодорхой зааж өгч, бусдын нутаг руу дураараа мал бэлчээсэн ардыг төдөн бод, богоор, ноёдыг бол цалин пүнлүүг нь хасах зэрэг шийтгэл байсан байгаа юм. Нэгдэлжихээс өмнө ч ийм хууль заалттай, аймаг, хошуу, сүм хийдийн түвшинд хийдэг бэлчээрийн хуваарилалт, нүүдлийн зохицуулалттай, хот айл, саахалт, нэг нутгийнхны институцүүдтэй явж ирсэн. Нэгдлийн үед мал, малчин, бэлчээр гурвын менежемент шинэ шатанд гарч боловсронгуй болсон ч мал бэлчээр хоёроо малчнаасаа хөндийрүүлээд уламжлалт институцүүд суларсан гэж судлаачид үздэг. Одоогийн Газрын тухай хуулийн 52.2-т “Бэлчээрийг нутгийн иргэд хэсэг бүлгээрээ ашиглаж болно” гэсэн заалт байдаг ч араас нь хэрхэн хэрэгжүүлэх журмууд гарч ирээгүйд гол асуудал байна. Хэрвээ нутгийн иргэд малчдын эдэлбэрийн эрх болон бэлчээрийн нөөцтэй холбоотой үүрэг, хариуцлага тодорхой болж, хэрэгжүүлэх талуудаа бүх түвшинд сайн бэлтгэж чадвал нилээн асуудал шийдэгдэнэ гэж боддог.

-Өнөөдөр Монголын малчдын ахуй амьдрал ямар байгааг бодит жишээгээр хэлэхгүй юу? Малчдын тухай олон судалгааг гаргасан байдаг.

-Өнөөдөр бид малчиддаа анхаарах цаг нь болсон. Малчдынхаа боловсролд анхаарах, нийгмийн асуудлыг шинэ түвшинд гаргаж ирэх хэрэгтэй болжээ. Малчин хүнд хэрэгтэй мэдээлэл хаана ч байхгүй гэхэд болно. Өнөөдөр зурагтгүй малчин өрх маш цөөн болсон ч улс төрийн хэрүүл, солонгос кино, баахан морины уралдаан л үздэг. Зах зээлийн нийгэмд МАА-гаа яаж авч явах вэ, цагаан идээгээ хэрхэн боловсронгуй болгох вэ, арьс, шир, ноосоороо яаж өрхийн түвшинд бүтээгдэхүүн хийх вэ, малын бүтээгдэхүүний үнэ ханш аймаг, суманд ямар байна зэрэг тэдэнд чухал мэдээллүүд маш дутмаг. Малчны боловсролд зориулсан сургалт сум байтугай аймгийн төвд ч байхгүй. Аймгуудад байдаг сургалт үйлдвэрлэлийн төвүүд бол голдуу хотын хүнд зориулсан үсчин, нарийн боовчин, гоо сайханч, сантехникч бэлтгэх сургалт явуулдаг. Хааяа нэг байдаг МАА-н чиглэлийн сургалт нь “фермерийн” гэсэн нэртэй. Хөвсгөл мэтийн утасны сүлжээгүй, алслагдмал аймгийн зарим сумдад эмнэлгийн үйлчилгээг малчид огт авч чаддаггүй, өөрсдөө эрийн сайндаа амьдарч, өвдсөн нэгнээ өвс ургамлаар эмчилдэг, эрүүл мэндийн даатгал 100% төлдөг ч ноогдсон багахан төсвөөр сумын төвийн хэдэн хүн эм эмчилгээг аваад дууссан байдаг. Сургуульд хүүхэд нь орохоор гэрээ хоёр хувааж эхнэр нь сумын төвд арван сар тусдаа амьдарч, нөхөр нь орой гэртээ ирэхэд гал хөсгүй хүйтэн гэр, хоол ундгүй зэвий дааж угтдаг. Дээр нь хот хүрээний “баруунжсан” хүмүүс элдвээр гоочлон хочилж, хошин шогчид тэнэгдүү хүмүүсийн дүр болгон сурталчилж, хоцрогдлын бэлгэ тэмдэг болгодог.Бодит байдал ийм байхад хэн малчин байхыг хүсэх билээдээ. Энэ утгаараа өнөөдөр “малчин битгий бай, хот руу бүгдээрээ ирээч” гэсэн төрийн бодлого явж байна. Манай байгууллага Дэ Нэчэ Консерванси байгууллагын санхүүжилтээрХовд, Хэнтий, Хөвсгөлийн 334 өрхийг хамарсан судалгаа явуулахад, малчин өрхийн тэргүүний дундаж нас 46 байна. Ихэнх нь бага боловсролтой байна.Гэтэл нөгөө талдаа дэлхий биднийг юугаар таньдаг, юугаар нь үнэлдэг вэ гэвэл нүүдэлчид гэдгээр нь. Бидний хөгжил гэж ойлгон магтан дуулах дуртай өндөр байшин, өргөн зам, загварын машин, брэндийн хувцас, фермерийн аж ахуй зэрэг бол биднийг тодорхойлохгүй, бусад орнуудад ч сонин биш зүйл. Хүн төрөлхтөн суурин ба нүүдлийн гэсэн хоёрхон амьдралын хэв маягтай байснаас сүүлийнх нь маш хурдан хугацаанд түрэгдэн алга болж байгаа. Иймээс ч биднийг “сүүлчийн нүүдэлчид” гэж гадныхан нэрлэж, манайд ирсэн жуулчид үзэсгэлэнт байгалиас гадна бидний түүх, соёлыг сонирхож ирдэг.

 

-Бэлчээрийн хуулийн одоогийн төслийн талаар таны бодлыг сонсъё?

-Манай улсад бэлчээр эзэнгүйдэж эдэлбэрийн эрхийн нээлттэй эмх замбараагүй систем оршин тогтнож байгаа үед энэхүү стратегийн ач холбогдол бүхий нөөцийг эзэнтэй, эрхтэй, үүрэгтэй болгох талаар Засгийн газраас авч байгаа нэг чухал хүчин чармайлт бол бэлчээрийн хуулийг боловсруулж байгаа явдал гэж үзэж байна. Өмнө нь бид хэд хэдэн хуулийн төслүүд боловсруулж батлуулах гэсэн боловч амжилттай болоогүй байгааг бүгд мэдэж байгаа. Ямар ч байсан одоогийн төсөлд бэлчээрийг ашиглалтын хувьд ангилаад, хэн хэрхэн ашиглаж эзэмшиж болох, эрхээ ямар хэлбэрээр ямар хугацаанд авах, тухайн эрхийг авах, сунгах, цуцлах процедур, бүх шатны төрийн байгууллагын хүлээх үүрэг, бэлчээрийн холбоо мэргэжлийн байгууллагуудын оролцоо зэргийг зааж өгсөн байна. Нөгөөтэйгүүр бэлчээр ашиглагчид буюу уламжлалт бэлчээрийн аж ахуй эрхэлж буй малчдын байгууллагын эрх хязгаарлагдмал боловч үүрэг ихтэй, гэрээний заалтуудыг биелүүлээгүйгээс бэлчээр доройтсон тохиолдолд аль ч талын хүлээх хариуцлага хэтэрхий бага зэрэг сул талууд бас байна. Ер нь бол энэ хуулийн төсөл дээр нарийвчлан санал өгнө гэвэл бас нэг ярилцлага болохоор байгаа тул товч байдлаар давуу сул талыг хэлэхэд ийм байна.

-Нүүдлийн мал аж ахуй эрхэлсэн олон орон бэлчээрийн хуультай. Тэр дундаас Киргизстаныг онцлох нь бий. Киргизстан улсын бэлчээрийн хуулийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-2009 онд Киргизстан улс бэлчээрийн шинэ хууль баталж, бэлчээрийн менежментийн эрх үүргийг нутгийн иргэд бэлчээр ашиглагчдад шилжүүлж,бэлчээрийн засаглалын системд төвлөрлийг сааруулах томоохон алхам хийж чадсанаараа төв Азийн бүс нутагт ихээхэн шинэлэг зүйл болсон. Хуулийн гол зорилго нь бэлчээрийн нөөцийн хяналт, хариуцлагыг ашиглагчдад шилжүүлснээр бэлчээрийг хууль бусаар бусдад түрээслэн ашиг олохыг таслан зогсоох, малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулахын тулд бэлчээр ашигласны төлбөр бий болгож, бэлчээрийг ашиглах тасалбарын систем нэвтрүүлэх явдал байсан. Эдгээрийг хэрэгжүүлэх нутгийн иргэдийн гол институци болох бэлчээр ашиглагчдын 450 гаруй бүлэг, холбоодыг байгуулж, тэдгээрийн эзэмших бэлчээрийн хил хязгаарыг тодорхойлж баталгаажуулан улсынхаа газар ашиглалтын төлөвлөгөө, бүртгэлд нэгтгэж өгсөн маш чухал алхмуудыг хийсэн байгаа юм. Тухайлбал энэ хуулийн дагуу уул уурхайгаас үүдсэн хохирлыг бэлчээр ашиглагчид нөхөн төлүүлдэг болж, бэлчээрийн төлбөрийн фонд бий болсноор 2014 он гэхэд 130 сая сом буюу бараг 20 сая долларын хураамж авч бэлчээр нөхөн сэргээх, хамгаалах, бэлчээрийн дэд бүтэц байгуулах, бэлчээр ашиглагчдын байгууллагыг дэмжих санхүүжилтийн эх үүсвэртэй болсон нь ихээхэн том ололт болсон. Тэр бэлчээрийн тасалбар гэдэг нь үзвэр үзэх тасалбар шиг бэлчээр ашиглах эрхийн бичиг бөгөөд тухайн малчны улирлын бэлчээрийн байршил, малын тоо толгой, төрөл, бэлчээрийн төлбөрийн дүн, малаа вакцинжуулсан зэрэг мэдээллийг тэмдэглэсэн байдаг. Судлаачид үнэлээчдийн дүгнэлтээс үзэхэд энэ шинэчлэлдээ малчдаа сайн бэлтгэж мэдээлэл хүргэж чадаагүй нилээн огцом эхэлсэн тул одоо малчдадаа ойлгуулах, хамтран ажиллаж тэднийг сургах ажлууд хийж байгаа юм билээ. 

-Манайд бэлчээрийн хууль батлагдаад гараад ирвэл үр дүн нь ямар байх бол?

-Киргизстаны гол ололт нь бэлчээрийн хуулиа батлаад авсанд байгаа. Гэтэл малчид нь бэлэн биш байсан асуудалтай. Манайд бол эсрэгээрээ малчид нь бараг бэлэн болчихсон байдаг. Харин хууль эрх зүй нь  тодорхойгүй байдаг. Хэрвээ бэлчээрийн хууль батлагдаад ирвэл нилээн олон зүйл тодорхой болно.

Малчдын байгууллага гэж хэн бэ, ямар эрх, үүрэгтэй вэ гэх хууль эрх зүйн орчин бий болно. Гэрээ хэлцэл хийж, үйл ажиллагаа явуулж, нөөцтэйгөө ажиллаж эхэлнэ. Нутгаа мэдэж, бусдыг оруулах, оруулахгүй байх, оруулбал хэзээ, ямар хугацаагаар хэдэн мал хүн оруулахаа шийддэг эрх нь зохицуулагдаж хэрэгжиж эхэлнэ. Нэг талдаабэлчээр ашиглагч малчид, нөгөө талдаабэлчээрээ ашиглуулагч тухайн сум орон нутгийн засаг даргахоёрын хооронд бэлчээрийн гэрээ яаж хийх, хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, дүгнэх, сунгахзэргийг чиглүүлж өгснөөрөө ач холбогдолтой. Малчдын байгууллагад мэдээж нутагтаа жилийн дөрвөн улиралд мал сүргээ адуулан амьдардаг иргэд орно. Бэлчээрийн төлбөрийн хувьд малчид бүс нутгаараа өөрсдөө тогтоодог байвал оновчтой болно. Учир нь манай орны нутаг дэвсгэр өргөн уудмын хэрээр нутаг нутгийн ялгаа онцлог их тул үүнийг дээрээс зааж тогтоох нь алдаа их гарах шалтгаан болох байх. Хамгийн гол нь зарчмыг нь заагаад өгчих ёстой. Жишээ нь, адуу, ямаа зэрэг бэлчээрт халтай гэгддэг малаас авах татвар арай өндөр, байгальд ээлтэй үхэр, хонь зэрэгт арай бага, жилийн дөрвөн улиралд хөдөө хөхөрч гадаа ганддаг хүний мал бол арай бага, төв суурин газар байдаг ч мал эзэмшиж, бэлчээрийн нөөцийн хувьд түрүүний хөдөөний хүний малын идэшнээс булаалддаг бол арай өндөр гэдэг ч юм уу. Гол нь гадаадын хэвлэлд гараад байгаа “монголын мал бэлчээрээ идэж дуусгаж байна” гэдэг асуудлыг шудрага эрх тэгш байдлаар шийдэхэд чиглэх гол зорилгын дор энэ бүхнийг сайтар бодолцож хийх хэрэгтэй байгаа юм. Засаг дарга, малчдын байгууллагын аль алиных нь үүрэг хариуцлагыг ч сайн зааж өгөх ёстой. Малчдын байгууллага хуулийн этгээд болсноор Монголын хөдөө аж ахуйд шинэ дэвшил гарах нь мэдээж. Цаг хэцүү боллоо гэхэд хөрш нутагладаг малчдын байгууллагын бэлчээрт оруулж болох боломжид нь таарсан толгой малыг оруулдаг, эргээд нөгөө талд асуудал үүсэхэд хариуд нь бас боломжит тооны малаа оруулах зэргээр уламжлалт “аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг харилцааг илүү албан маягаар хуулийн хүрээнд явуулдаг болно. Ингэснээр жишээ нь туурайн зуд гэдэг юм ихээхэн багасах байх.Гол нь малчдын байгууллагыг дэмжсэн боловсролын болоод зах зээлийн бодлого, үйлчилгээ сайн явуулах нь чухал. Нөгөө талдаа бид шудрага ёс, малчдын тэгш эрхийн асуудлыг нухацтай харах цаг болсон. Тухайлбал, манайхан малын мах экспортлох тухай их ярьж түрүүчээсээ гаргаж байгаа. Гэхдээ одоохондоо энэ бол жинхэнэ “хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа”малчдад хүртээл багатай, харин олон мянган толгой малтай ч суурин газар тавлаг амьдардаг эрх мэдэл, мөнгө төгрөгтэй хүмүүст илүү ашигтай байгаа нь нууц биш.Энэ мэт бэлчээрийн татваргүй байгаа хуулийн цоорхойг дотоодын төдийгүй гадны чинээлэг хүмүүс ч самбаачлан ашиглаж тэдний малыг малладаг хөлсний малчид олширч байгаа талаар би сонссон. Иймээс яг хөдөөдөө өөрийн малаа маллаж буй малчид “татвараа тогтоогоод өгөөч, бидтөлье”гэж өөрсдөө хүсээд байгааг бид анхаарах хэрэгтэй юм. 2016 оны байдлаар нийт малчдын бараг 80% нь 500-аас доош толгой малтай байгаа нь ихэнхи малчид амиа аргацаасан МАА эрхэлж байгааг харуулж байна. Энэ бүх хүмүүс гэнэт “ингэж зовж байхаар ер нь суурин газар ирж улсын тэтгэмжээр амьдарнаа” гэвэл улсын нийгмийн халамжийн төсөв тэднийг тэжээж дийлэхүү? Маш их дарамттай зүйл болно шүүдээ. Иймд ингээд өөрсдийгөө болгоод хөдөөдөө амьдраад, хот суурин газар нийгмийн үйлчилгээний ачааллыг нэмэхгүй байгааг нь бас үнэлж үзэх хэрэгтэй учраас би тэгш байдал, нийгмийн баялгийг шудрага хуваарилах тухай яриад байгаа юм л даа.

-Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо сүүлийн үед явуулж буй үйл ажиллагааны талаар товч асууя. Үндэсний том форум зохион байгуулж, жинхэнэ малчид руугаа хандсан бодлого явуулж, бэлчээрийн доройтол, эко системийн асуудал зэргийг хөндөх болсон?

-Тус холбооны явуулж буй энэ бүх ажил бол холбогдох төрийн байгууллагуудын хийж байх ажил юм. Гаднытөслийн байгууллага дэмжээд үндэсний холбоо байгуулагдаад ажиллаж байгаа нь чухал алхам гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Сүүлийн хорь гаруй жил малчдын болоод бэлчээрийн асуудал орхигдсныг би ярианыхаа эхэнд хэлсэн. Хааяа нэг л малчдын зөвлөгөөнхийж “1000 малтай сайн малчин байна” гэж урамшуулдаг шүүдээ. Холбооныхон бол орон нутагт нь очоод зах зээлийн системийн тухай танилцуулаад банктай ингэж ажиллана, бэлчээртэйгээ ингэж ажиллана, бүтээгдэхүүнээ ингэж борлуулна гээд донорын санхүүжилттэй төслөөр зааж өгч байна. Наад зах нь бүлэг хамт олон болоод хурлаа яаж хийж, хамтын шийдвэр хэрхэн гаргахыг ч зааж байна. Харин энэ хүмүүсийн хийж байгаа ажлыг төрийн байгууллагууд яаж дэмжиж байна, тэдний ажлаас гарч байгаа үр дүнг төрийн институцийн системд хэрхэн суулгаж, одоогийн ажилтай хэрхэн уялдуулж байна гэдэг өөр асуудал. Төрөөс цалин хангамжтай, албан хаагчидтай аймгийн хөдөө аж ахуйн газруудбайна. Суманд энэ чиглэлээр ажилладаг 2-3 төрийн албан хаагч бас байна. Тэр бүтцүүд энэ холбооны ажлыг хэрхэн өөрсдийн төлөвлөгөө, тайланд шингээж, өөрсдөө тэднээс юу суралцаж байна. Холбоо ганцаараа зүтгээд төрийн дэмжлэггүй бол явахгүй. Гадны төсөв гэдэг 5,10 жилээр явдаг тул үр дүнг төрийн байгууллагын ажилд нутагшуулах гэдэг их чухал. Мөн донорын санхүүжилт дуусахадцаашдын үйл ажиллагаа яаж явагдах вэ. Энэ мэтээр холбооны тогтвортой байдлыг одооноос бодох ёстой байх.

Эцэст нь хэлэхэд манай улсын хөгжлийн гол бодлогод тунхагласанчлан ХАА-н салбар Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэг тулгуур юм бол МАА-н салбарын эдгээр асуудалдбид бүх талаасаа онцгой анхаарч, ялангуяа бидний ярьсан нутгийн иргэдийн эдэлбэрийн эрхийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, хамгаалах ажлыг нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Бэлчээрийн экосистемээ хамгаалах, монгол малынхаа генийг хамгаалах, нүүдлийн соёлоо он удаан жил тээж явахыг хүсдэг, эдгээрээр бахархаж явдаг ямар ч монгол хүн энэ чиглэлд төрөөс гарах санаачилга, манлайллыг дэмжинэ гэдэгт би эргэлзэхгүй байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-07-06 08:05:23