Берглинд Оррадотр: Өвөл малаа бэлчээхгүй байх нь бэлчээрийг сэргээх нэг боломж

Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөд орж, тэр хэрээр байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэж олон мянган хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна. Монгол орны хувьд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэт өртөмтгий улс орны тоонд  ордог. Сүүлийн жилүүдэд мал сүрэг олноор өсч, сүргийн бүтцэд гарсан өөрчлөлтийн улмаас ямааны тоо огцом өссөн нь цөлжилт, бэлчээрийн талхагдлын нэг гол шалтгаан болж байна.

Тиймээс манай улсын хэмжээнд бий болоод байгаа цөлжилт, бэлчээрийн талхагдалт нэмэгдэж байгаа асуудалд Монголын төдийгүй дэлхийн мэргэжилтнүүд санаа тавин ажиллаж байна. Ингээд Нэгдсэн Үндэсний их сургуулийн газрын нөхөн сэргээх сургалтын хөтөлбөрийн ахлах хичээлийн эрхлэгч Берглинд Оррадотртой ярилцсанаа хүргэж байна.

-Монголд ирж уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор бэлчээр, газрын доройтлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар сургалт явуулж байгаа юм байна. Яагаад Монгол Улсыг сонгосон юм бэ?

 Би Бүгд найранмдах Исланд улсын Нэгдсэн үндэсний их сургуулийн  Газар нөхөн сэргээх сургалтын хөтөлбөрт ажилладаг. Исландад байдаг сургууль маань газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн удирдлагын чиглэлээр чадавхийг бэхжүүлэх сургалт явуулдаг. Монгол Улстай  10 гаруй жил хамтран ажиллаж, богино болон урт хугацааны сургалтыг явуулж байна. Энэ хугацаанд уур амьсгалын өөрчлөлттэй энэ нөхцөлд бэлчээрийг хэрхэн зөв ашиглах  вэ, газрын доройтол, доройтсон газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн менежментийн удирдлага гэсэн үндсэн сэдвээр сургалтаа явуулж байна.

2007 оноос Монгол Улсын энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийг Исландад сургалтанд хамруулж байна. Бид Азийн улс орнууд болох Таджикстан, Киргизстан, Узбекистан зэрэг улсуудтай хамтран ажилладаг. Өнгөрсөн жилээс бид түншлэгч орнууддаа очиж сургалт явуулахаар болоход Монгол Улсыг сонгож авсан. Өмөн нь Исландад сургалтад хамрагдсанаараа Монголчууд тэргүүлж, хамтын ажиллагаагаа  сайжруулж, өндөр түвшинд хүрсэн учраас энэ сургалтыг хийхээр сонгосон юм.

-10 жилийн хамтын ажиллагааны үр дүн хэрхэн харагдаж байна. Нөгөө талаар Монголын бэлчээр, газрын доройтолд ямар  эерэг өөрчлөлтүүд гарсан бэ

-Сургалт явуулаад 10 жилийн үр дүнг хэмжиж гаргах хэцүү л дээ. Яагаад гэвэл Монгол Улсад бэлчээр, газрын доройтолд нөлөөлж байгаа өөр бусад хүчин зүйл олон байгаа.  Бидний зүгээс үзүүлж байгаа сайн үр нөлөөг гараар барих боломжгүй. Гэхдээ бидний хувьд хамтран ажиллаж байгаа сургалтын байгууллагуудын багш  нарыг сургалтдаа хамруулж, мэдлэг мэдээлэл олгож байна. Энэ нь цаагуураа чадавхи бий болж байна гэсэн үг. Тухайн мэдлэг, мэдээлэл, чадавхиа ашиглан зааж байгаа  хичээлдээ илүү их ур чадвар, мэдлэг мэдээлэл дамжуулж, сайн судалгааг хийж байна.

Сургалтад хамрагдсан хүмүүст олгосон мэдлэг, мэдээлэл маш үр дүнтэй хүрч  тухайн асуудлыг илүү сайн ойлгож, бусдад ойлгуулж чаддаг болсон. Нөгөө талаар мэдлэг мэдээлэлтэй болсон тэр хүмүүс шаардлагатай өөрчлөлтүүдийг  хийхэд анхаарч ажилладаг болсон. Чадавхи бэхжүүлсэн хүмүүс маань үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа ч маш олон хүчин зүйл гаднаас нөлөөлж байдаг. Тиймээс олон талуудын оролцоог нэгтгэж байж энэ ажлын үр дүн гарна. Бид зөвхөн нэг хэсэгтэй нь л ажиллаж байна.

Бидний хувьд энэ хугацаанд олон улсын  туршлагыг хуваалцаж, монголчуудаас ч их юм сурч байна. Харилцан суралцсанаар мэргэжлийн хувьд илүү сайжирах нөхцөл боломж бүрдсэн. Сургалтад хамрагдсан хүмүүс тухайн үед олж мэдсэн аргачлал, арга зүйг ажилдаа ашиглаж байна. Тэр аргачлалуудаа бэлчээрийн, газрын удирдлагыг сайжруулах  чиглэл рүү ашиглаад үр дүнг нь хүртэж байна.

Нөгөө талаар Монгол болон Исландад сургалтад хамрагдсанаараа хичээл зааж байгаа багш нараасаа суралцахаас гадна тэнд сурч байгаа бусад улс орны хүмүүсийн туршлагаас харилцан суралцах боломж нээгдсэн.

-Уур амьсгалын өөрчлөлт гэдэг дэлхий нийтийн асуудал. Энэ өөрчлөлтөд Монгол улс илүү хурдан өртөж, цөлжилт, газрын доройтол жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Монголын хувьд юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй санагддаг вэ. Ер нь бидэнд ямар боломж байна?

-Уур амьсгалын  өөрчлөлт аль хэдийнэ бодит болчихлоо. Дэлхий даяар өрнөж байгаа үйл явц болж байна. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт нь маш өргөн хүрээнд явагдаж байгаа. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад цаг хугацаа зарцуулна. Гэхдээ  хүн болгон дор бүрдээ хийж болох ажил гэж байгаа. Өөрсдийн хийж байгаа  ажил хөдөлмөр, амьдралын явцаас бий болж байгаа нүүрс хүчлийн давхар ислийг бууруулах арга байна.

Бидний хувьд газрын удирдлага, бэлчээрийн  удирдлага гэдэг зүйлээр дамжуулаад нүүрс хүчлийн давхар исэл, хүлэмжйн хийн ялгаралыг бууруулж болно. Өөрөөр хэлбэл, дэлхийн агаар мандалд цацагдаж байгаа нүүрс хүчлийн давхар ислийн 25 хувийг доройтсон газар үүсгэж байгаа гэдгийг судалгаагаар гаргасан.

Жишээ нь, газар доройтолд орох тусам хөрсөнд хадгалагдаж байгаа нүүрстөрөгч нь агаар мандалд цацагдаж эхэлдэг. Тэгэхэээр газрын доройтол их явагдах тусам агаар мандалд тэр хэмжээгээр нүүрстөрөгч цацсанаар үүнийгээ дагаад ургамалжилт нь байхгүй болно. Газрын доройтол гэдэг уур  амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой болдог.

Хөрс эвдрээгүй, өөрийн ургамлан бүрхэвчтэй бол хөрсөнд агуулагдах нүүрстөрөгчөө өөртөө хадгалаад байдаг. Гэтэл тэр газар маань эвдрэлд ороод ирэхээр ургамын бүрхэвчгүй  болоод нүүрстөрөгчөө агаар мандалд цацаж байгаа гэсэн үг. Энэ маань өөрөө хүлэмжийн хий нэмэгдэхэд нөлөөлдөг. Одоо бид газрын доройтол гэдэг зүйлийг зогсоох хэрэгтэй. Газрыг нөхөн сэргээснээрээ бид нүүрс төрөгчийг хөрсөнд шингээнэ. Тэр нөхөн сэргээлт нь ургамалжих боломжийг олгоно.

Газрын доройтлыг зогсоож, нөхөн сэргээснээр ургамалжилт бий болно. Газраа ашиглаад эхлэхээр ургац нэмэгдэнэ, газар нөхөн сэргээгдсэнээр хөрс цэвэршиж сайжирна. “Олон сайн талууд бий болох тул газрын нөхөн сэргээлт чиглэлээр дорвитой ажил хийгэээч ээ” гэж шийдвэр гаргагчдад ойлгуулах нь амар ажил биш. Тиймээс л бид энэ чиглэлээр ажилладаг, анхаарах ёстойг нь мэддэг хүний тоог нэмэгдүүлэх нь чухал гэж үздэг.  

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад агаарт цацаж байгаа хүлэмжийн хий болон нүүрс хүчлийн хийг багасгах, газрын удирдлагыг тогтвортой болгох  гэсэн хоёр арга зам л байдаг. Нөгөө талаар өргөн хүрээнд явагдаж байгаа энэ уур амьсгалын өөрчлөлтийг та бид шууд удирдаж чадахгүй. Гэхдээ бид нөлөөлж байгаа хүчин зүйлсийн нэг болох газар ашиглалт, мал бэлчээрлэж байгаа бэлчээрийн асуудалд анхаарч болно.

Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтөд  нөлөөлж агаарт цацагдаж байгаа нүүрсхүчлийн хийг бууруулах нь бидний  хувьд хамгийн гол үр дүн болно. Мөн газраа сайжруулаад нөхөн сэргээгээд ирэхээр гаднаас нөлөөлж байгаа  сүйтгэлд тэсвэрлэх чадвартай болж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах боломж бүрдэнэ.  

-Монгол Улсын мал сүрэг бараг 70 сая хүрэх гэж байгаа нь нэг талаараа бэлчээрийн доройтолд хурдан хүргэж байна. Исланд улсад мөн адил ийм асуудал үүсээд түүнийгээ зөв зохистой хэмжээнд хүргэж чадсан гэдгийг дуулсан. Та бүхэн ямар арга замаар энэ асуудлыг шийдэж чадсан юм бэ?

-Тийм Исландад ч ийм асуудал үүссэн. Гэхдээ Монголоос арай өөр л дөө. Монголын хувьд сүүлийн 20 гаруй жилийн дотор мал сүрэг нь огцом өсч бэлчээрийн доройтлыг үүсгэсэн бол Исландад энэ асуудал урт удаан хугацааны туршид үүссэн. Хамгийн анх Исландийн арал дээр 1000 жилийн өмнө хүмүүс суурьшсан гэж үздэг. 

Тэр үед суурьшсан хүмүүс мал амьтантай очиж, ойг нь огтлоод бэлчээр бий болгож явсаар эцэст нь ойгүй шахам болсон. Тэгээд 1900 оны үед энэ нөхцөл байдал эрс муудаж, эко систем байхгүй болох хэмжээнд хүрсэн. Тэр үед Исланд Европын хамгийн ядуу улс байсан учраас хүн ард нь газраас л амьдралаа залгуулж, үр шимийг нь хүртдэг байв. Өөрөөр амьдрах арга мэдэхгүй үндсэн гол амьжиргаа нь газар тариалан, мал аж ахуй л байсан.

Исландийн хувьд хонь, үхэр ихтэй. Өмнө нь Исландад хаана бэлчээр байна тэнд л мал сүрэг замбараагүй бэлчээдэг байсан. 1900 оноос нөхцөл байдал хүндэрсэнийг өвлийн цагт  мал сүргээ бэлчээхээ больсон. Хашаа хороонд  байршуулаад, хадлангийн өвсөөрөө малаа тэжээдэг байсан. Өвөл бэлчээхгүй байх нь бэлчээрийг сэргээх нэг боломж байсан.

Хамгийн гол нь аль болох нөхөн сэргээх боломжийг хангаж, цөлжилтөд орж доройтохоос нь сэргийлж байх нь их чухал. Тэгэхгүй бол  нэгэнт доройтсон  газар нутгийг сэргээх гэвэл асар их цаг хугацаа, мөнгө санхүү  шаарддаг. Дараагийн нэг чухал зүйл нь бид малчид фермерүүдтэйгээ ажилладаг. Тэдний хувьд гол амьдралын баталгаа, амьжиргаа нь мал сүрэг учраас шууд тоо толгойг нь багасга гэж болдоггүй.  Тиймээс амьжиргааг нь алдуулахгүй, бэлчээрээ зөв зохистой ашиглахыг зааж сургасан. 

Монголын хувьд малчдад асуудлуудыг нь ойлгуулаад амьжиргааг нь дэмжсэн өөр арга зам, дэмжлэгүүдийг бий болгоод өгөх хэрэгтэй. Тэгээд мал бэлчээрлэх асуудалд харилцан холбоотой, зохицолтой зөв бодлого хэрэгтэй гэж хардаг.

Исландал өвөл хашаа хороонд байлгадаг. Монголын нөхцөлд арай  өөр бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд бэлчээрийн зөв зохион байгуулалт, нөхөн сэргээх боломж олгосон нүүдэл хийх хэрэгтэй. Шийдэл нь магадгүй  малын тоо толгойг багасгах. Гэхдээ эхлээд бэлчээрийг сэргэх боломж олгосон нүүдэр хийх нь чухал. Өөрөөрөө сэргэх боломж олгох нь л хамгийн гол зорилго байх ёстой.

-Ер нь бэлчээр сэргэхэд хэдий хугацаа зарцуулагддаг вэ?

-Бэлчээр сэргэх нь олон хүчин зүйлээс шалтгаална. Хэр их доройтолд орсоноос шалтгаалаад хэдэн жил ч зарцуулж болно. Доройтол нь бага хэмжээнд бол хурдан хугацаанд сэргэх боломжтой. Эсвэл доройтолд их ороод хөрсний бүтцэд өөрчлөлт орчихсон бол удна. Магадгүй Исланд шиг хөрс байхгүй хайрга чулуу үлдчихсэн бол 100 жил ч орж болно. Хөрс үүсч бий болоход маш их хугацаа шаарддаг. Хамгийн гол нь байнгын хяналт мониторнгийн систем ажиллаж, хаан бэлчээрийн доройтол явагдаж байна тэр газрыг нь  чөлөөлөөд явах арга хэрэгтэй. Тэгэлгүй зөнд нь орхисноос хөрсний доройтолд хэт их өртчихвөл эргээд сэргэхэд их хугацаа зарцуулна. Тиймээс урьчдилан сэргийлэх нь маш чухал.

 

НИЙТЭЛСЭН: 2018-07-02 01:45:22