Исландын профессорууд газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн удирдлагын чиглэлээр сургалт явуулж байна

Хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөд орж, тэр хэрээр байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэж олон мянган хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна. Дэлхийн дулаарлын хүчин зүйлст үйлдвэрлэл, үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, авто машинаас гарч буй хүлэмжийн хий зэрэг багтдаг.

Монгол орны хувьд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэт өртөмтгий улс орны тоонд  ордог. Сүүлийн жилүүдэд мал сүрэг олноор өсч, сүргийн бүтцэд гарсан өөрчлөлтийн улмаас ямааны тоо огцом өссөн нь цөлжилт, бэлчээрийн талхагдлын нэг гол шалтгаан болж байна.

Тиймээс манай улсын хэмжээнд бий болоод байгаа цөлжилт, бэлчээрийн талхагдалт нэмэгдэж байгаа асуудалд Монголын төдийгүй дэлхийн мэргэжилтнүүд санаа тавин ажиллаж байна. Тодруулбал, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос санаачлан Бүгд найрамдах Исланд  Улсын Нэгдсэн үндэсний их сургуулийн профессорууд, Монголын ХААИС-ийн профессорууд, Ус  цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн хамт олонтой хамтран Монголын нууц товчоо амралтын газарт сургалт явуулж байна.

“Байгалийн нөөцийн менежмент, мэдээлэл боловсруулах, үр дүнг тайлагнах ашиглах ур чадварыг хөгжүүлэх” нэртэй 7 хоногийн сургалтад Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн  газар, Ус  цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, орон нутгийн салбар хариуцсан зэрэг мэргэжлийн байгууллагын 25 залуу хамрагдаж байгаа ажээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Салбарын яам зэрэг  мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс  мэдээллийг зөв боловсруулж, түүнийгээ бүтээгдэхүүн  болгож, шийдвэр гаргагчдад хүргэж, төрийн бодлогод суулгах тал дээр  анхаарч ажиллах хэрэгтэй байна. Тиймээс дунд шатны мэргэжилтэнүүдийн арга барилыг нь сайжруулахын тулд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм байна. Сургалт гурван үе шаттай. Эхний шатанд эко системийн үйл ажиллагаа,  бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хэрхэн хангах вэ гэдэг талаар онолын мэдээлэл өгнө. Хоёр дахь хэсэгт хээрийн үзүүлэх сургалт явагдана. Энэ сургалтаар зааж байгаа систем зөв ажиллаж байна уу. Газрын доройтол байна уу. Яаж илэрч байна гэдгийг хэрхэн үнэлж дүгнэх вэ гэдэг талаас нь сургана. Гурав дахь хэсэгт сургалтад оролцогчид баг болж хуваагдаад  бэлчээрийн мониторингийн өгөгдөл дээр суурилаад  түүнийгээ боловсруулаад үр дүн болгоод тайлбарлаад, ард иргэдэд болон шийдвэр гаргагч нарт хүргэх тал дээр төвлөрч ажиллана хэмээн зохион байгуулагчидын зүгээс хэлж байна.

Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Бэлчээр зохион байгуулалт, инженер хайгуулалт мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Пүрэвсэд

Би Говь-Алтай аймгаасаа төлөөлөл болон оролцож байна. Энэ сургалтаас би олон улсын  туршлагыг сонсож, бэлчээрийн менежментийг  яаж хэрэглэдэг талаар судалж, мэдэх зорилготой ирсэн. Нутагтаа очоод бодит ажил болгон ажиллах хүрэлцэн ирсэн. Сургалтын үеэр мэдэж авах мэдлэг, мэдээллээ аймаг орон нутагтаа хэрэгжүүлэхэд бүх хүчээрээ хичээж ажиллана.

Баянхонгор аймгийн Богд сумын Засаг даргын тамгын газарт Газрын даамал Ж.Үүрцайх

Би Газрын даамлын ажлаас гадна бэлчээрийн фото моинторинг үнэлгээний ажлыг давхар хийж мэдээлэл үүсгэх ажлыг хийдэг. Энэ ажлын үр дүнгээр сургалтанд суух эрхийг Ногоон алт төсөлийн зүгээс олгосон байгаа.  Энэ сургалтанд сууж байгаадаа сэтгэл өндөр байна. Сургалтаас маш олон зүйлийг мэдэж авч байна.  Манай аймагт бэлчээр ашиглалтын даац хэтэрч, малын тоо толгой жилээс жилд өсөлттөй байгаа. Энэ бүхнийг эргүүлээд бэлчээрийн  боломжит даацад хүргэх, зөв зохицуулалт хийх нь тулгамдаж байгаа асуудлуудын нэг болсон. Энэ бүхэнтэй уялдаатай сонирхолтой мэдээлэл өгч байна. Орон нутагтаа очиж хэрэгжүүлнэ.

Нэгдсэн Үндэсний их сургуулийн газрын нөхөн сэргээх сургалтын хөтөлбөрийн ахлах хичээлийн эрхлэгч Берглинд Оррадотр

Исландад байдаг сургууль маань газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн удирдлагын чиглэлээр чадавхийг бэхжүүлэх богино болон урт хугацааны  сургалтыг явуулдаг. Бид газрын доройтол, доройтсон газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн менежмент удирдлага гэсэн үндсэн сэдвээр Монгол Улстай  10 гаруй жил хамтран ажиллаж байна. 2007 оноос Монгол Улсын энэ чиглэлийн  мэргэжлийн хүмүүсийг Исландад сургалтанд хамруулж байсан. Азийн улс орнууд болох Таджикстан, Киргизстан, Узбекистан зэрэг улсуудтай хамтран аижллаж ирсэн ч Исландад сургалтад хамрагдсанаараа Монголчууд тэргүүлж байгаа.

Өнгөрсөн жилээс түншлэгч орнууддаа  очиж сургалт явуулахаар болж Монгол Улсыг онцлон сонгож, уур амьсгалын өөрчлөлттэй өнөөгийн энэ нөхцөлд бэлчээрийг хэрхэн зөв ашиглах  вэ гэдэг асуудлаар сургалт явуулахаар ирсэн юм.  Хамтын ажиллагааны 10 жилийн үр дүнг дүгнэвэл сургалтын байгууллагын багш  нарыг хамруулж,  мэдлэг мэдээлэл олгож байна. Энэ нь цаагуураа чадвахи бий болж байна гэсэн үг. Тухайн чадавхиараа цаашаа зааж байгаа хичээлдээ илүү их ур чадвар,  мэдлэг дамжуулж, судалгаагаа хийж байна.  

Бидний сургалтад хамрагдсан хүмүүс олж мэдсэн аргачлал, арга зүйг ажилдаа ашиглаж байгаа.  Тэдгээр аргачлалуудаа бэлчээрийн болон газрын удирдлагыг сайжруулахад ашиглан үр дүнг нь хүртэж байна. Нөгөө талаар Монголдоо болон Исландад сургалтад хамрагдан багш нараасаа суралцахаас гадна тэнд сурч байгаа бусад улс орны туршлагаас харилцан суралцах боломж нээгдэж байна энэ боломжийг ажил мэрэгжилдээ ашиглах боломж нээгдэж байна. Хамгийн гол нь газрын нөхөн сэргээлтийн хөтөлбөрт үнэлгээ хийхэд маш үр дүнтэй ажил явуулж байгаа юм байна. Шууд гарт баригдаг үр дүн биш хэдий ч удирдлага, зохион байгуулалтын зөв зарчим нь тодорхой хугацааны дараа харагдана гэж үздэг.

НИЙТЭЛСЭН: 2018-06-30 06:34:07