Д.Батнасан: Жил бүр хий хаягддаг байсан сарлагийн хөөврийг мөнгө болгон, хуримтлалтай болж байна

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод  “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос Эх үрсийн баярын өдөр “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулсан юм. Энэхүү чуулганд Хөвсгөл аймгийн Алаг –Эрдэнэ, Арбулаг, Цагаан-Уул, Улаан-Уул, Цэцэрлэг сумын 50 ээж, 50 хүүхдийн хамт  оролцсон юм. Энэ үеэр тус чуулганы төлөөлөгч Алаг эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин Д.Батнасантай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д оролцсон сэтгэгдэлээсээ хуваалцаач?

-“Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Эх үрсийн баярын өдөр бидэнд зориулан “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” зохион байгуулж, хүүхдүүдтэй минь баярлууллаа. Үнэхээр сэтгэл сайхан байна. Мод тарьж, нэг нас нэмлээ. Эх дэлхийдээ буян хийлээ. Эх үрсийн баяраар малчин бид чинь гэртээ л өнждөг. Хааяа сумын төв хальтхан ороод л буцдаг байлаа. Малчдын хүүхдүүд тэр бүр баярлаж чаддаггүй. Хүүхдүүдэд минь мартагдашгүй өдрийг бэлэглэсэнд үнэхээр их талархаж байна.

-Төсөлд хамрагдсанаар таны амьдралд ямар өөрчлөлт гарч байна?

-2016 оноос манай аймагт төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас миний амьдралд үнэхээр үр өгөөжтэй байж чадаж байгаа. Төсөл гарч ирснээр малчин биднийг маш их дэмжиж байна. Ядаж л сарлагаа самнаад сурчихаж байна. Анх зарим айлууд “Үхэрт сам хүргэх гэлээ” гээд дургүй байсан. Харин одоо бол дуртай байна. “Ирэх жил эрт ирээрэй” гэж хөгшчүүл урамтай үлдэж байна. Малчид бүл муутай учраас өөрсдөө сарлагийн хөөврөө самнаж хүч хүрдэггүй. Төслийн шугмаар сарлагийг олнооор нь самнаж сурсан бид очиж тусалдаг. Самнасан хөөврийн 50 хувийг нь ажлын хөлс болгон аваад үлдсэн 50 хувийг нь эзэн нь авдаг. “Жил бүр хий хаягддаг байсан мөнгө. Тусалсанд маш их баярлалаа” гэдэг.

-Малын буян их шүү. Хуримтлал хэр үүсгэж байна?

-Би гурван  охинтой. Том охин Хатгалд сургуульд ажилладаг, дунд охин малаа хариуцаж, бага охин гэртээ хамт байна. Охидууд минь ээжийнхээ хүн бүл муутай айлд очиж, сарлаг самнаж, хөөврөө зарж борлуулаад мөнгөн хуримтлал үүсгэж байгаа ажлыг их дэмжиж, “Ээж минь дуртай ажлаа хий” гэдэг. Айлуудад очиж сарлаг самнаад нөгөө талаар туслаад явах нь амьдралд маш их нэмэртэй, мөнгөн хуримтлал ч үүссэн.

-Төсөлтэй хамтрахаас өмнө ямар байсан бэ?

-Ер нь хэцүү шүү дээ. Малчдын бэлдсэн хөөвөр үнэлэгдэхгүй, авах газаргүй. Авсан ч хямд авдаг байсан. Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо гарч ирснээр малчид сарлагын хөөврөө хаягдахаас өмнө эртхэн самнаад авья гэж байна. Өөр маш олон боломж малчин бидэнд байгааг мэдрүүлж байна.

-Ноос, хөөврийг утас болгоод өгвөл орон нутагт жижиг үйлдвэрлэл эрхлэх боломж нээгдэнэ. Мөн монгол малынхаа ноосоор орны бүтээлэг болон бусад бүтээгдэхүүн хийх нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн томоохон хөрөнгө оруулалт болно гэдгийг чуулганы үеэр онцолж байна. Энэ талаар таны бодол?

-Мэдээж Монголынхоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалтыг л хийнэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд л байвал эргээд биднийг ч гэсэн дэмжинэ. Малын ашиг шим үнэд хүрэхээ больчихсон байхад төсөл хэрэгжсэнээр л ноолуур үнэ хүрч байна. Одоо хөөвөр үнэлэгдэж байна. Бид ноос, ноолуур, хөөвөрийг авч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр дээр очиж үзсэн. Малчин бидний өсгөж үржүүлж, үр шимийг нь хүртэж байгаа малын ноос, ноолуур, хөөврөөр ороолт малгай, цамц, алчуур  хийж байгаа нь маш их таалагдсан. Орон нутагт үйлдвэрлэл эрхлээд эхэлвэл бид өөрсдийн чадах хэмжээгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой. Ер нь малчин эмэгтэйчүүдийн амьдрал их сайхан, малаа маллаад үр шимийг нь хүртээд л явж байна. Одоо бол бүр гоё болж байна.

-“Өвөл зуд турхан боллоо” гээд хандивийн аян өрнүүлэхэд “Малчид ямар бидэнд тусалдаг биш, махаа хямд өгдөг биш” хэмээн дургүйцэж, таагүй хандах хүн цөөнгүй байдаг. Мөн “Бэлчээр” гээд гээд ярихаар зөвхөн малчдад л хамаатай гэж ханддаг хүмүүс ч байдаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Бэлчээр гэдэг үнэндээ мал сүргээ хариулж байгаа малчин бидэнд ганцхан хамаатай биш л дээ. Бидний өсгөж үржүүлсэн малын махыг идэж байгаа хотын иргэн хүртэл бэлчээр ашиглагч шүү дээ. “Малчин” гэж ялгаж харьцах гээд байдаг хүмүүс таардаг. Бэлчээрт байгаа малаа бид өөрсдөө л идэх гээд байгаа юм шиг ханддаг. Мал сүрэг Монголын бүх хүн амыг хоол хүнсээр хангаж байгаа. Тэгж бодох хэрэгтэй. Малчид ч бас хүн. Өвөлд нь хөрж, зунд нь халж,  хүнд хэцүү үеийг туулж амьдралаа үргэлжүүлсээр яваа. Бэлчээр ашиглагчдын  холбоотой  нэгдэж ажиллсанаар бүх юм сайхан болж байна.  

-Одоо мал сүргийн тоо толгойг нэмэгдүүлнэ гэхээс илүү чанартай, үр ашигтай, цөөн тооны малтай, түүхий эдийн гарц сайтай байхад анхаарч байна?

-Тийм. Тооны араас биш чанарыг гол болгоё. Жишээ нь, сарлагийн хөөвөр авахын тулд хөх, цагаанаар нь өсгөе, таваарлаг болгоё гэж байна.

-Гадаадын нэг хүн “Монголчууд та нар их азтай ард түмэн. Дэлхий дээр амьдралдаа маш цөөн мах идэж үзсэн, өвс ногоо голдуу хоолтой улс үндэстэн олон бий. Монгол малын мах үнэхээр сайхан амттай” хэмээн бахархаж байсан.  Монголчууд биднийг “Азтай ард түмэн” болгож байгаа хүмүүс бол малчин та бүхэн маань, тийм үү?

-Хөдөө төрж өсөн малчин удмаа залгуулж яваа бид бүх Монголчуудыг тэжээж байгаа. Монголын малчид л хэдэн малаа дагаж өөрийн амьдралаа авч явахын зэрэгцээ хүн ардынхаа хэрэгцээнд малын махаа нийлүүлдэг. Мал өөрсдөө өсчихдөггүй. Мал маллана гэдэг амархан ажил биш. Өглөө өдөр орой, ажлын цаг дуусна гэхгүй, жилийн дөрвөн улирлын туршид байгаль дэлхийдээ захирагдаж, аргадаж, урьдчилан тооцоолж амьдардаг. Монголчууд бид хичээвэл техник технологиос бусад хүний хэрэглээний бүхий л юмыг бид өөрсдөө хийж чадна. Тэр бүх нөөц бололцоо малчин биднээс эхлэлтэй. Малчин хүн бол Монголын баялаг. 

НИЙТЭЛСЭН: 2018-06-06 13:25:33