Хөвсгөл аймгийн малчин ээжүүд үрсийнхээ хамт чуулганд оролцлоо
Бяцхан үрсийнхээ чин сэтгэлийн инээд хөөр, нүдэнд нь гэрэлтэх баяр бахархалыг харж зогсоно гэдэг ээж хүний хамгийн жаргалтай мөчүүдийн нэг билээ. Ийм л сайхан жаргалтай мөчийг амьдралынхаа хамгийн марташгүй өдөр болгосон азтай хүмүүс бол Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагаан-Уул, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Цэцэрлэг сумын малчин эмэгтэйчүүд. 6 дугаар сарын 1-ны өдөр Хөвсгөл аймагт Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Ногоон Алт” төслийг хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран зохион байгуулсан “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д 50 малчин эмэгтэй, 50 хүүхдүүдийн хамт оролцлоо. 
 
 
Мөрөн хотод энэ өдөр жихүүн салхитай, цаг агаар онцгүй байсан ч гэлээ анх удаа аймгийнхаа төвд хүүхдүүдтэйгээ баяр тэмдэглэж байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн гэдгийг тэд хэлж байсан юм. Чуулганы эхэнд Чингүнжавын талбайд зохион байгуулагдсан аймгийн нэгдсэн баярын арга хэмжээг сонирхож, дараа нь тэдэнд тусгайлан зориулсан баярын хөтөлбөрт оролцсон юм. Энэ үеэр ээжтэйгээ хамт чуулганд оролцохоор ирсэн бяцхан хүүхдүүдийн дунд “Байгаль” сэдвээр гар зургийн уралдааныг зохион байгуулав. Бумбагар улаан хацартай хөөрхөн бяцхан үрсээ зураг зурахыг харж зогсох ээжүүд өнгө будгаа хэрхэн сонгохыг нь зааж, өрсөлдөх нь хайр хүрэм мөч байсан юм. Тиймдээ ч ээжүүд “Малчин бид чинь хот хүрээнд байгаа бүсгүйчүүд шиг хүүхэд багачуудтайгаа гоё хувцсаа өмсөөд баярлаад явах цаг зав багатай. Ихэвчлэн гэртээ, хаяа сумын төв орохоос өөрөөр баярын өдрийг өнгөрүүлж байгаагүй. Өнөөдөр та бүхний зохион байгуулж байгаа чуулга уулзалтад оролцож, мартагдахааргүй сайхан баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцаж байсан юм. 
 
 
Чуулганы үндсэн арга хэмжээ Хөвсгөл аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдаж, “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Г.Энхболд, “Монгол нэхмэл” ХХК-ийн захирал Р.Энхболд нар малчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал болон хамтын зохион байгуулалтад орсноор хийж хэрэгжүүлэх ажил хичнээн их байгаа талаар ярилцсан. Мөн дундын сангаа амжилттай хөгжүүлэхэд эмэгтэйчүүд илүү үүрэг оролцоотой байснаар хариуцсан ажилдаа хариуцлагатай ханддаг гэдгийг онцолсон юм. 
Энэ үеэр “Санрей” салоны эрхлэгч, Монгол Улсын мастер  гоо сайханч Г.Ариунсувд малчин эмэгтэйчүүдэд гарын доорхи материалуудыг ашиглан гоо сайхандаа хэрхэн анхаарч болох талаар “Байгаль эхийн бэлэг” сэдвээр зөвөлгөө мэдээлэл өгч, чуулганд оролцогч бүсгүйчүүдэд бэлэг барьсан юм.
 
 
Чуулганы хүрээнд 6 сарын 2-ны өдөр малчин эмэгтэйчүүд Мөрөн хотын “Нэг үе" цэцэрлэгт  хүрээлэнд “Ногоон алт төгөл”-ийн анхны моддыг тарьж, байгаль дэлхийдээ буянтай үйлсийг хийлээ.
 
Ингээд тус чуулганыг зохион байгуулагчид болон оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.
 
 
Н.Ганхуяг: Малчин эмэгтэйчүүд анх удаа “Эх үрсийн баяр”-т хүүхдүүдтэйгээ оролцож, тулгамдсан асуудлуудаа ярилцлаа 
/“Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал/
 
 
“Эх үрсийн баяр”-ын өдрөөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Малчин эмэгтэйчүүд маань аймгийн төвдөө ирээд өөрт тулгамдаад байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг ярилцлаа. Мөн энэ үеэр гоо сайхны болон нүүр арьс арчилгааны талаар мэдээлэл өгсөн нь малчин эмэгтэйчүүдэд маш их таалагдсан байна. Чуулганы хоёр дахь өдөр “Нэг үе” цэцэрлэгт хүрээлэнд “Ногоон алт төгөл”-ийг бид хамтдаа бий болголоо. Хамгийн бахархууштай нь хөдөөгийн малчин эмэгтэйчүүд минь үр хүүхдүүдтэйгээ аймгийн төвд ирж, бэлчээр ашиглахтай холбоотой асуудлуудаа ярилцахын сацуу “Эх үрсийн баяр”-аа тэмдэглэж, ногоон орчныг бий болгоход гар бие оролцсон нь энэ удаагийн чуулганы онцлог байлаа. 
 
Г.Энхболд: Малчин эмэгтэйчүүд хамтарсанаар бидний хийж байгаа ажлууд илүү үр дүнтэй болсон
/Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал/
 
 
Манай Хөвсгөл аймагт Швейцарийн хөгжлийн  агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл 2016 оноос эхлэн хэрэгжиж байна. Энэ хугацаанд 5 суманд 65 Бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулагдаж, 5 суманд Бэлчээр ашиглагчдын холбоотой боллоо. Төслийн хүрээнд малчин эмэгтэйчүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах талаар сургалт, мэдээллийн олон арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал, сүү сүүн бүтээгдэхүүний сургалт, гар урлалын сургалт, эсгий эдлэлийн сургалт зэргийг зохион байгуулсан. Хамгийн сүүлд Өвөрхангай аймагт “Эсгий эдлэл”-ийн ахисан шатны сургалтыг зохион байгуулж, таван сумаас төлөөлөл оролцуулсан. Энэ сургалтынхаа талаар “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын үеэр хэлэлцэж, цаашид ямар ажлууд хийх талаар төлөвлөж саналаа солилцлоо. Мөн малчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг  ярилцлаа. Ер нь эмэгтэйчүүд хамтын зохион байгуулалтад орсноор бидний хийж байгаа ажлууд илүү үр дүнтэй болсон гэдгийг онцлох хэрэгтэй. “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл маань 2020 он  хүртэл үргэлжилнэ. Тиймээс цаашдаа сүүн сүүн бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн зэрэг олон чиглэлээр судалж, малчин эмэгтэйчүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана. 
 
Р.Энхболд: Хөдөө орон нутагт ажлын байр бий болгож, тодорхой хэмжээнд хамтран ажиллах боломжтой
/“Монгол нэхмэл” ХХК-ийн захирал/
 
 
Манай компани малчин түмний өсгөж, үржүүлж ашиг шимийг нь хүртэж байгаа хонины ноос, ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр нэхмэл болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Тиймээс малаа  маллаж, бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, зүй зохистой ашиглах асуудлыг шийдэж байгаа Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд малчдын бэлдэж өгсөн ноосыг боловсруулж, Улаанбаатарт утас болгон буцааж өгсөнөөр орон нутагтаа ажлын байрыг нэмэгдүүлж, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр тодорхой хэмжээнд хамтран ажиллах боломж их байна. 
 
Д.Батнасан: Хүүхдүүдэд минь мартагдашгүй өдрийг бэлэглэсэнд үнэхээр их талархаж байна
/Хөвсгөл аймгийн Алаг эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин/
 
 
“Ногоон Алт” төслийг хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо малчдын амьдралд үнэхээр үр өгөөжтэй байж чадаж байгаа. Ядаж л сарлагаа самнаад сурчихаж байна. Эх үрсийн баярын өдөр бидэнд зориулан “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” зохион байгуулж, хүүхдүүдтэй минь баярлууллаа. Үнэхээр сэтгэл сайхан байна. Мод тарьж, нэг нас нэмлээ. Эх дэлхийдээ буян хийлээ. Эх үрсийн баяраар малчин бид чинь гэр орондоо өнждөг. Хааяа сумын төв хальтхан ороод л буцдаг байлаа. Малчдын хүүхдүүд тэр бүр баярлаж чаддаггүй. Хүүхдүүдэд минь мартагдашгүй өдрийг бэлэглэсэнд үнэхээр их талархаж байна. 
 
П.Оюунцэцэг: Хамаг сэтгэлээ зориулж модоо тарьлаа
/Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн малчин/
 
 
Аймгийн төвдөө уригдаж, “Эх үрсийн баяр” тэмдэглэж үзээгүй. Охинтойгоо хоёулаа ирсэн маш гоё байлаа. Сумандаа ч бараг баяр үзэх зав гардаггүй, хүүхдүүддээ бэлэг авч өгөөд л өнгөрүүлдэг байсан. Аймгийнхаа төвд  хүүхдийн баяр үзээд охин маань их баярласан. Хүлээн авалтад  орж, лекц сонслоо. Тиймээс хамаг сэтгэлээ зориулж модоо тарьлаа. Манай Дархад нутгаас ирсэн 10 ээж жил бүр ирж, модоо арчилж тордож байя гэж тохирлоо. Сумандаа очиж биднийг үдээд үлдсэн хүүхнүүд маань их юм асууна. Тэдэндээ ярьж өгөх зүйлээ утсан дээрээ зөндөө их бичлэг хийж авлаа. Бидэнд зориулан чуулган зохион байгуулсан бүх хүнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
 
Д.Мядагмаа: Энэ удаагийн баяр амьдралын минь хамгийн гоё дурсамжтай өдөр байлаа
/Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн малчин/
 
 
“Ногоон алт-Малын эрүүл мэнд” хөтөлбөрөөс малчин эмэгтэйчүүд бидэнд зориулан гоё ажил зохион байгууллаа. Баярын арга хэмжээнд явах боломж олгосон ханьдаа их баярлалаа. Эх үрсийн баяраар сумандаа эсвэл хөдөө гэртээ л тэмдэглэдэг байсан. Энэ удаагийн баяр амьдралын минь хамгийн гоё дурсамжтай өдөр байлаа. Үнэхээр баяртай байна. 
 
А.Алтантуяа: Сумандаа очоод нутгийнхаа бүсгүйчүүдэд үзсэн харсан бүхнээ ярьж өгнө
/Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Аргалант БАХ-ын ахлагч/ 
 
 
“Ногоон  алт-Малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой өнгөрсөн оны 8 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж байна. Чуулганы арга хэмжээ үнэхээр сайхан болж өнгөрлөө. Мод тарих чинь нэгэн насны буян гэдэг. Манай сумаас ирсэн бүсгүйчүүд модоо тариад бүгд зургаа авахууллаа. Чуулганы үеэр хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцаж, гоо сайхны лекцийг утсан дээрээ бичиж авсан. Сумандаа очоод нутгийнхаа бүсгүйчүүдэд үзүүлнэ. Үзсэн харсан бүхнээ ярьж өгнө. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа.
 
А.Бямбасүрэн: Хэзээ ч мартагдашгүй баярт өдөр байлаа
/Хөвсгөл аймгийн Арбулаг сумын малчин/
 
 
“Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” үнэхээр мартагдашгүй сайхан болж өнгөрлөө. Сэтгэгдэл өндөр байна. Хэзээ ч мартагдашгүй баярт өдөр байлаа. Зохион байгуулсан бүх хүнд баярласан талархасанаа илэрхийлье. Өмнө нь “Эх үрсийн баярын өдөр” гэртээ, хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг байсан.  Үнэхээр гоё арга хэмжээнүүд боллоо. Баярлалаа.
 
 
 
 
 
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2018-06-02 13:25:33