“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна

 “Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, олон улсын байгууллага, үйлдвэрлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй төлөөлөгч, манай улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчид нийт 850 хүн оролцож байна. Зөвлөгөөний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын их хурлын депутатууд, төр, нийгэмдээ ажил хөдөлмөрөөрөө үнэлэгдсэн алдарт малчид, улс, аймаг, сумын аварга малчид байна.

Зөвлөгөөнийг нээж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлсэн үгэндээ “Мал аж ахуйн салбарын хөгжил, бүтээмжийн хөдөлгөгч хүч нь та бүхэн билээ. Иймд нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, хүний сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулсан ухаалаг мал аж ахуй эрхлэх, энэ чиглэлийн арвин баялаг мэдлэг, туршлагаа байнга солилцож байх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг мал аж ахуйн үйлдвэрлэлээс нийлүүлснээр экспорт өсөх боломж бүрдэх ба улмаар малчдын орлого нэмэгдэн, мал аж ахуйн салбарын чадавхи бэхжинэ” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Өнгөрсөн жилийн Малчдын улсын зөвлөгөөнөөр малын эрүүл мэнд, монгол малын удам зүйг хамгаалах тухай асуудлуудыг авч хэлэлцсэн бөгөөд үүний үр дүнд УИХ-аас Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлуулан, энэ оны  6-р сарын 1-нээс хэрэгжих болоод байгаа юм байна. Энэ жилийн “Мал аж ахуйн тогтвортой хөгжил 2018” малчдын улсын зөвлөгөөнөөр мал аж ахуйн салбарын суурь хуулиуд болон Бэлчээрийн хуулийн тухай хуулийн төслийг танилцуулж, хуулийн төсөл дээр малчдын саналыг тусгах юм. Түүнчлэн энэ үеэр бэлчээр ашигласны төлбөр авах нь зүйтэй эсэх, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах талаар харилцан санал солилцсон. Өөр нэг асуудал бол малчдын эрүүл мэнд, нийгэм, боловсролын асуудлыг хөндөж, шийдэх гарцыг эрэлхийлж байгаа нь зөвлөгөөний нэг ололт болж байна.  Энэ үеэр 30 гаруй Аж ахуйн нэгж хамрагдсан үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны хамт олон мөн байгууллагаа танилцуулан малчдад аймаг, сумынх нь бэлчээрийн төлөв байдлыг дэлгэц дээр үзүүлэн үйл ажиллагаагаа сурталчлан мэдээлэл хийлээ.

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-17 10:34:49